Тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх шаардлагатай

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-06-04 15:21:33

Булган /МОНЦАМЭБулган аймгаас экологийн бүсийн үнэлгээний үр дүнд сонгогдсон “Экологийн хувьд чухал ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутаг”-ийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналын талаар хэлэлцүүлэг Булган аймагт боллоо.

Хэлэлцүүлэгт тус аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга П.Цогтсайхан болон тус аймгийн БОАЖГ, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, холбогдох сумын удирдлагууд оролцлоо.

ШУА-ийн газарзүй, гео-экологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Б.Оюунгэрэл:

-БОАЖЯ, ГХГЗЗГ, "TNC-Дэ Нэйче Консерванси" олон улсын байгаль хамгаалах байгууллага хамтран Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээ хийсэн.

Булган аймаг бол хангай, хөвсгөлийн экологийн бүс нутагт ордог. Монгол орны голын урсац бүрдэх ой модны нөөц, байгалийн зохицолдоог хангах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалан хамгаалж үлдэхэд хамгийн ач холбогдолтой аймаг гэж үзэж болно. Тиймээс дархлан хамгаалах газар нутгийг цаашид өргөжүүлэх шаардлагатай. Эг-Сэлэнгэ, Эг-Тарвагатайн голын бэлчир, Булган аймгийн хилийг дамнан оршдог Бүрэнгийн нуруу, Сайхан, Орхон сумын хил заагийн Өрхтий уул гэсэн дөрвөн газрыг тусгай хамгаалалтад авах экологийн ач холбогдолтой газар гэж үзэн танилцуулга хийж байна. Газар нутгаа дархлан хамгаална гэдэг байгаль хамгаалахын дээд хэлбэр гэж ярилаа.

Тус аймагт Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар, Хөгнө, Тарны байгалийн цогцолборт газар хамгаалалтын захиргаа үйл ажиллагаа явуулж, байгаль хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах ажил хийж байна.

Холбоотой мэдээ