Он гарсаар үйлдвэрлэлийн долоон осол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-04 11:17:40
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Өнгөрсөн онд Орхон аймагт үйлдвэрлэлийн 16 осол бүртгэгдсэн бол он гарсаар 7 осол бүртгэгдсэн байна. Үйлдвэрлэлийн осол нь аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөөг зөрчсөнөөс үүдэн гэмтэх, бэртэх тоног төхөөрөмжид хавчуулагдах  зэрэг үйлдвэрийн бүсэд тохиолдож буй осол, аваарийг хэлдэг.

Үйлдвэр, аж, ахуйн нэгж, байгууллагууд нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг хэвээр хадгалж, эрүүл аюулгүй орчин нөхцөлөөр хангаж ажиллахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Тэгвэл ажилтан болон ХБАЭА-н мэргэжилтэн хоёр, хоёулаа нэг секунд анхаарлаа сарниулахад л нөхөж баршгүй гарз, хохирол гарах эрсдэл үүсдэг юм.

Ялангуяа ажилтан албан хаагчдын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, болгоомжгүй үйлдэл, ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэрэг нь үйлдвэрлэлийн осол гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Иймд аймгийн ХАБЭА-н зөвлөл үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комиссын гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад 40 орчим албан хаагч оролцов.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд ХАБЭА-н удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн уул уурхайн 3, барилга, эрчим хүчний салбарын 13 аж ахуйн нэгж байгаа юм. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд жил бүр орон нутгийн төсөвт 5-10 сая төгрөгийг төсөвлөдөг байна.

Холбоотой мэдээ