Жуулчдад үйлчлэх боловсон хүчин бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ БОАЖЯ-наас 21 аймагт “Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж тогооч, зочид хүлээн авагч, өрөө-гэрийн үйлчлэгч, зөөгч, бартендер, бариста, хаалгач, зөөгч зэрэг 10 мэргэжлээр сургалт явуулж байна.
Орхон аймаг дахь сургалтыг аймгийн БОАЖГ-аас удирдан мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Уг сургалт үнэ төлбөргүй бөгөөд аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж буй боловсон хүчин болон хөдөлмөр эрхлээгүй иргэдийг хамруулж ажлын байраар хангах зорилготой юм. Учир нь Монгол Улсад жилд дунджаар 500 мянга орчим гадаадын жуулчид ирдэг бөгөөд тэдэнд үйлчлэх боловсон хүчнийг мэргэшүүлэх шаардлагатай байгаа юм. Харин Орхон аймагт жилд дунджаар 300 орчим жуулчин ирдэг бол тэдэнд үйлчлэх зочид буудал, зоогийн газрын стандартыг дээшлүүлэх, амралт, зугаалга, түүх, дурсгалын газраар дагуулаад явах хөтчийг чадавхжуулснаар жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд 15 мянган иргэнийг сургалтад үнэ төлбөргүй хамруулна.