БНСУ-ын КТО аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. БНСУ-ын КТО буюу төрийн өмчит аялал жуулчлалын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын ажилтнууд энэ сарын 28-наас Увс аймагт ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт нар хүлээн авч уулзан цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
КТО
байгууллагын төлөөлөгчид аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай мөн уулзаж,
Увс аймагт зонхилдог өвчлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар БНСУ-ын эрүүл
мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллах, эмч мэргэжилтнүүдийг
солилцон ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн
юм.
КТО байгууллага 1962 онд байгуулагдсан, дэлхийн 33 оронд суурин төлөөлөгчийн газартай бөгөөд Монгол Улсад 2017 онд 32 дахь төлөөлөгчийн газрыг байгуулсан байна. Тус байгууллагын зүгээс Монгол Улс ба БНСУ-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажиллаж байгаа аж.
Мөн итгэмжлэгдсэн
аялал жуулчлалын компаниудаар дамжуулан байгууллага, хамт олон, найз нөхдөд
зориулсан энгийн болон эрүүл мэндийн аялал жуулчлалыг зохион байгуулдаг.
Ялангуяа сүүлийн үед БНСУ руу чиглэсэн эрүүл мэндийн багц шинжилгээтэй аялал
жуулчлалыг өргөнөөр зохион байгуулж байгаа бөгөөд БНСУ-ын хамгийн найдвартай,
эмчилгээ үйлчилгээ сайтай эмнэлгүүдийг санал болгодог
аж.