БНСУ руу хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх хоригийн талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-03-28 16:21:18

БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хувийн хэрэгцээний зориулалтаар авч яваа хүнсний бүтээгдэхүүний хоригийн талаар Зам тээврийн сайд М.Зоригт өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа.

Зам, тээврийн сайд М.Зоригт өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг тэргүүлэн ажилласан юм. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг хүндрэл учруулдаг учир ойрын хугацаанд энэ талаар яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Улмаар М.Зоригт сайд БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Элчин сайдын яамтай хамтран энэ асуудлыг цэгцэлж, монгол иргэдэд чирэгдэл төвөг учруулдаг байдлыг зогсоохын тулд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ хүрээнд өнөөдөр М.Зоригт сайд МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржийг хүлээн авч уулзсан бөгөөд Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаар болсон байна.  

Н.Туяа

 

Холбоотой мэдээ