Ч.Хүрэлбаатар: Шударга ёсыг тогтоосноор, сайжирч буй эдийн засаг иргэдийн хаалга тогшино

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-16 14:47:29
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.


Тогтоолын төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын ажил өрнүүлэхээр тусгажээ. Үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай юм. Үүнээс 1 их наяд 325.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс,  2 их наяд 111.9 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс, 6 их наяд 174.2 тэрбум төгрөг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар, 604.7 тэрбумыг бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгажээ. Үндсэн чиглэлийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 6 хувь байх бол  инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байна гэсэн тооцоог Засгийн газар гаргажээ.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, тайлбар авав.


УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд нэг ч төгрөг тусгаагүй байгааг шүүмжлэв. Тэрбээр, "Ипотекийн зээлд 500 тэрбум төгрөгийг суулгах санал оруулсан гэж байсан. Гэтэл үндсэн чиглэлд тусгасан нь 60 тэрбум төгрөг байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэхэд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ" гэж асуув. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Ноднингийн төсөвт ипотекийн зээлд зориулж 120 тэрум төгрөг суулгасан. Энэ онд суулгасан төсөв хуваарийн дагуу явж байна. Ипотекийн зээлийн санхүүжилт гурван эх үүсвэрээр олгогдож байна” гэв. Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, "Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр Сангийн яамтай хамтран ажиллаж, энэ оны эхний таван сард нийт 170 тэрбум төгрөгийг 2500 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Арилжааны банкны 45 тэрбум төгрөг, улсын төсвийн 45 тэрбум төгрөг, Монголбанкны 80 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний таван сард ипотекийн зээлээр олгоно. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирэх 200-230 тэрбум төгрөг, нийт 450 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулна. Өнгөрсөн оноос зээлийн санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдсэн” гэлээ.


УИХ-ын гишүүн Л.Болд, “Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг ярьж эхэлсэн. Үндсэн чиглэлд үүнтэй ойролцоо зохицуулалт байгаа юм байна. Иргэд орон сууц зээлээр авахад урьдчилгаа мөнгө хэрэгтэй болдог. Энэ зээлийг тэр зориулалтаар нь олгох зохицуулалт хийх хэрэгтэй” гэв.


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Эдийн засаг сайжирсан ч ажлын байр нэмэгдэхгүй, ард түмний амьдрал доройтож байна. Шударга ёсыг тогтоохгүй бол мянган төсөв батлаад амьдрал сайжрахгүйг бид харлаа. Зэс боловсруулах үйлдвэр байгуулна гэсэн. Хэзээ байгуулах вэ. Өрийн хэмжээ 78-58 хувь болж буурсан гэж Сангийн сайд мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр өр нэмэгдсэн нь харагдаж байна” хэмээн асуув. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Засгийн газар байгуулагдах үед бид зөв бодлого хэрэгжүүлбэл Монгол Улс хөгжлөөрөө 20-30 орныг ардаа дагуулна гэж тооцсон. Нийгэмд шударга ёсыг тогтоосноор, сайжирч буй эдийн засаг иргэдийн хаалга тогшино гэдэг нь үнэн. Төсвийн орлогоо янз бүрийн концес болгож явуулчихаад байна. Өрийн асуудлаар, зөвхөн Засгийн газрын өр 2017 оноос тодорхой хэмжээнд буурсныг хэлсэн. Оюутолгой зэрэг томоохон компанийн өрийн асуудал бий. Тэдгээр компанийн өрийг эдийн засагт дарамтгүйгээр төлөх шийдэл гаргахаар хэлэлцүүлэг зохион байгуулна гэж төлөвлөж байна” гэв.


УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Засгийн газрын 2018 оны 378 дугаар тогтоолоор Ханбогд суманд Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах газрыг шийдэж, улсын тусгай хэрэгцээнд авсан. Техник, эдийн засгийн дүгнэлтээ урьдчилан бэлдсэн. Үйлдвэрийг барих ажлыг нарийвчлан бэлтгэх асуудлаар гадаад, дотоодын ААН-тэй уулзалт хийхээр төлөвлөж байна. Энэхүү үйлдвэр барих ажилд 1.5-2.3 тэрбум долларын өртөг гарна гэж тооцоолсон. Үйлдвэрийг 3-5 жилд барьж дуусгахаар төлөвлөж байна” гэв.


Тогтоолын төслийг зургаадугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэж, батлах ёстой тул цаг сунгасан. Ийнхүү гишүүд асуулт, асууж, тайлбар авснаар чуулганы хуралдаан 14.50 цагт завсарлав. Чуулганы үдээс хойших хуралдааныг 15.30 цагт үргэлжлүүлэхээр тогтсон. Үдээс хойших хуралдаанаар гишүүд дээрх тогтоолын төслийг  дэмжсэн, дэмжээгүй санал хэлж, санал хурааснаар, чуулганы хуралдаан үргэлжилнэ.

Холбоотой мэдээ