“Эрдмийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-09 10:48:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Их, дээд сургууль, коллеж, ЕБС-ийн төгсөлтийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарчээ.

Тус захирамжид аймгийн хэмжээнд их, дээд мэргэжлийн боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлийн боловсролын диплом гардуулах үйл ажиллагааг 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор зохион байгуулахыг их, дээд мэргэжлийн сургуулиудын консорциум тэргүүн Л.Пүрвээд, төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дунд боловсролын үнэмлэх гардуулах ёслолын үйл ажиллагаа “Эрдмийн баяр”-ыг 2019 оны 6 дугаар сарын 14-нд зохион байгуулахыг Боловсрол, соёл, урлагийн газар Б.Гантулга нарт тус тус үүрэг болгожээ. 

Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын 1, 5, 9 дүгээр ангийн сурагчдын дунд төгсөлтийн баярыг тэмдэглэхийг хориглосон байна. 
“Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаатай холбогдуулан нийтийг хамарсан аялал, зугаалга зохион байгуулахыг таслан зогсоож, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, хариуцлагатай эргүүлийн хуваарийг гаргаж ажиллахыг сургуулийн захирал нарт, үйл ажиллагааны зохион байгуулалтад хяналт тавьж, нийтийн хэв журам сахиулах, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг Цагдаагийн газар Х.Алтанхуягт үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ