Дайчдын хөшөөнд цэцэг өргөв

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-09 10:33:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аугаа их эх орны дайнд ялалт авчирсан дайчдад зориулсан дурсгалын хөшөөг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд нээх хүндэтгэлийн ёслол болж цэцэг өргөлөө. Хөшөөний нээлт дээр ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий Консул А.Ц.Доржиев оролцов.

Жил бүр зохион байгуулдаг уг үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн удирлагууд болон ОХУ-аас манай аймагт суугаа Ерөнхий консул оролцдог уламжлалтай.

А.Ц.Доржиев цэцэг өргөх ёслолын үеэр хэлсэн үгэндээ, Алтанбулаг, Карнаковка, Булагтай болон Монгол, Оросын бусад тосгон сууринаас таван мянга гаруй дайчид фронтод явж эрэлхэгээр тулалдсанаас тэдний олонх нь байлдааны талбарт амь үрэгдсэнийг дурдаад, хатан зоригт баатарлаг энэ үйлсийн ач гавьяагаар дэлхийг фашизмын аюул заналаас аварч чадсан гэдгийг онцлон үнэллээ.

Тэрбээр үргэлжлүүлэн, хойч үеийнхэн бидний үүрэг нь хүн төрөлхтнийг аймшигт дарлал зовлонгоос чөлөөлсөн өвөг дээдсийн гавьяа дурсгалыг хайрлан хамгаалах, өнгөрсөн дайны хар сүүдэр ертөнцийг дахин дайрахгүй байхад бүхнийг хийх явдал юм гэлээ. 
Бүхий л дайны туршид Зөвлөлтийн хүмүүс Монголын ард түмний ах дүүгийн тусламжийг мэдэрч ирсэн. Монгол иргэдийн хөрөнгөөр “Монгол Ард” нисэх эскадрил, “Хувьсгалт Монгол” танкийн цуваа боссон билээ. 
Нийтийн дайсан фашизмын эсрэг хамтын тэмцэл нь Орос, Монголын ард түмний найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн юм. 
Сайн хөршийн харилцаа харилцан туслалцах явдал шинэ дэвшлийг авчирсан. Манай нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хотууд бол Дархан, Эрдэнэт бөгөөд хамтын хүчин чармайлтаар “Эрдэнэт” комбинат, “Монголросцвет” үйлдвэрийг байгуулсан гэдгийг Ерөнхий Консул тэмдэглэн хэлэв.

Хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцсон Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, ОХУ-ын ахмад дайчдын төлөөлөгчдийн тэргүүн, Хиагтын районы захирагч Б.Ж.Нимаев нар мөн баяр хүргэж үг хэлсэн ажээ

 

Холбоотой мэдээ