Атрын 60 жилийн ойг Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэнгийн 100 насны ойтой хамтатган тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-07 14:53:49

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой энэ жил тохиож байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Атрын 60 жил бүтээлч ажил өрнүүлэх тухай" 76 дугаар тогтоол, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны "Ой тэмдэглэх тухай" 04 дүгээр тогтоол гарчээ.

Мөн аймгийн Засаг даргын 2019 оны А/248 дугаар захирамжаар атрын 60 жилийн ойг Хархорин сумын харьяат, Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэнгийн 100 насны ойн арга хэмжээтэй хамтатган зохион байгуулахаар ажлын хэсэг болон хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан гаргасан юм.

Ойн хүрээнд тариалан эрхлэгчдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, газар тариалангийн салбар дахь бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэлийн үр дүнг дээшлүүлэх, аймгийн газар тариалангийн салбарын түүхийн дурсамж баримтат кино, “Тариаланчид зөвлөж байна” мэдлэг олгох телевизийн цуврал нэвтрүүлэг болон хөрөг нэвтрүүлгүүд бэлтгэн олон нийтэд хүргэх зэрэг олон ажлыг төлөвлөж, дэд ажлын хэсгийг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Холбоотой мэдээ