Дарханы сэтгүүлчид хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ном хандивлалаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-04 18:00:06

Дархан-Уул /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан салбарын нийт гишүүдийн дунд ном хандивлах аяныг өрнүүлжээ. 4 хоногийн хугацаанд өрнүүлсэн тус аянд салбарын 20 гаруй гишүүн хамрагдан 240 орчим цуглуулж хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр Хонгор сумын ЕБ-ын 14 дүгээр сургуульд номоо хандвилалаа.

Жил бүрийн энэ өдөр тухайн салбараас нийгэмд чиглэгдсэн тодорхой нэг ажлыг санаачлан хийдэг аж. Энэ жилийн тухайд ийнхүү ирээдүйн эх орны эзэд болсон дүү нартаа бэлэг бэлгийн дээд ном хандивлаж сургуулийн номын сангийн фондыг баяжууллаа.

Тус ном хандивлах аяны үйл ажиллагаанд МУСГЗ, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн, ахмад сэтгүүлч МУСТА Б.Норовсамбуу, Д.Хишигсүрэн болон салбарын төлөөлөл, аймгийн Засаг дарга С.Насанбат, АЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Хонгор сумын Засаг дарга Х.Атархишиг 14 дүгээр сургуулийн багш, сурагчид оролцсон байна.

Ном хандивлахаас гадна чөлөөт уулзалт зохион байгуулж ахмад, залуу үеийн сэтгүүлчдийн уран бүтээлээс сонсох, сурагчид хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулан урлагийн тоглолт сонирхуулсан аж.

Урд өмнөх жилүүдэд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Үг хэлэхээс Үл эмээхүй” уриан дор нээлттэй хэлэлцүүлэг, чөлөөт уулзалт зохион байгуулах, нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн санааны аяныг өрнүүлдэг байсан ажээ.

Цаашид жил бүрийн энэ өдөр ном хандивлах аяныг уламжлал болгож алслагдсан сум, сургуулийн номын сангийн фондод дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Сурагчдад хандивласан 240 орчим ном нь Монголын нууц товчоо бичгийн болон аудио буюу сонсдог гэсэн 2 хэлбэрээр, мэргэжлээ зөв сонгоход чиглэгдсэн, утга, уран зохиол, орос, англи хэлээр хэвлэгдсэн ном, МСНЭ-ийн Дархан салбарын түүхийг харуулсан зэрэг ЕБС-ийн сурагчдын нас сэтгэхүйд тохирсон номууд багтжээ.

Холбоотой мэдээ