Д.Будзаан: Сүүлийн гурван жилд 4622 хүүхэд гэмт хэрэгт холбогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-01 18:57:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-аас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон "Зөв тусгал" хөдөлгөөнийг эхлүүлж байгаа тухай өнөөдөр мэдээлэв.


Тус аяныг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага /ДЗМОУБ/ дэмжин ажиллах юм байна. 


ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс /УСХ/-ийн Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, хошууч Д.Будзаан "Улсын хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхэд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрмийн гэмт хэрэгт холбогдож байгаа бөгөөд дийлэнх нь 16-18 насныхан байна. 


Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй. Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа дутагдалтай байгааг анзаарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар энэ жилийг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгосон. Энэ нь хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.


Гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор Цагдаагийн байгууллага “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ХНХЯ/-тай хамтран өнөөдрөөс улсын хэмжээнд эхлүүллээ.


Дээрх төслийн хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, тэднийг эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр ажиллана. Түүнчлэн олон нийтийг соён гэгээрүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгааныг арилгахад “Зөв тусгал” хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна. Дээрх хөдөлгөөнийг зохион байгуулахад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ГБХЗХГ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЗМОУБ хамтран ажиллаж байгаа болно.


Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалах юм" гэлээ.

Холбоотой мэдээ