12 сумын 1,4 сая га талбайд мэрэгч амьтдын тархалт их байна

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-04-18 14:59:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор Д.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, тус аймгийн бэлчээрт тархаад байгаа үлийн цагаан оготоно, чичүүл зэрэг мэрэгч амьтдын тархалт, тэдний нүүдэл, биологийн зүй тогтол, бусад аймгийн нутагт байдаг мэрэгчдээс ялгагдах онцлог зэрэгт судалгаа хийжээ.

Багийн судлаачид тус аймгийн бэлчээрт хэмжилт, тандалтуудыг хийж, нэг га талбайд байрших мэрэгч амьтдын тоо хэмжээ, учруулж байгаа хор хөнөөлийг тодруулсан байна.

Судалгаагаар тус аймгийн 12 сум (Өлзийт, Хулд, Дэлгэрхангай сумаас бусад)-ыг хамран аймгийн нийт бэлчээрийн 20,5 хувьд буюу 1,4 сая га талбайд мэрэгч амьтдын тархалт маш их, нэг га талбайд 150-200 мэрэгч амьтан тархаад байна гэсэн дүгнэлт хийжээ.  

Энэ жил ХХААХҮЯ-наас мэрэгчдийг устгах зориулалтаар тус аймагт 40 тн будаа буюу бактержуулсан бэлдмэл хуваарилсан бөгөөд энэ хэмжээний будаа нь зөвхөн 25,0 мянган га талбайд хүрэлцэх аж.

Судалгааны дүнд үндэслэн аймгийн ХХААГ-аас сумдад томилогдох ажлын хэсгийн гишүүдэд сургалт хийж, үлийн цагаан оготныг устгах, бактержуулсан бэлдмэлээ цацах техникийн болон аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олгож, бэлчээрийн мэрэгчдийг устгах ажлыг зохион байгуулж эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдээллээ. 

Холбоотой мэдээ