“Хоггүй Улаангом” аян зарлав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2019-04-18 12:29:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас Хоггүй Улаангом аяныг 3 дахь жилдээ зарлан явуулж байна. Тус аяны зорилго нь хог хаягдалгүй, цэвэр орчинд амьдарч хэвших, төрөлх хотынхоо өнгө төрхийг сайжруулах, хүрээлэн байгаа орчиндоо хог хаяхгүй байх зөв хандлагыг хэвшүүлэх, хүүхэд залуучуудад үлгэрлэхэд оршиж байгаа аж.

Тус аянд дуудагдсан байгууллага нь нийтийн эзэмшлийн гудамж талбайг цэвэрлэх, тохижуулах ба хийсэн ажлаа Хоггүй Улаангом тэмдэглэгээтэйгээр олон нийтийн цахим хуудсаараа дамжуулан тайлагнах аж. Мөн дараагийн байгууллагаа энэхүү аянд дуудах юм. Уг аяныг өчигдөр 16 цагт Улаангом сумын ЗДТГ-ын албан хаагчид эхлүүлж, улмаар наадмын талбайн автомашины зогсоолоос урагшаа шинэ багийн төвийн харалдаа ойн аж ахуйн талбай руу явдаг зам хүртэлх хэсгийн хог хаягдлыг түүж, цэвэрлэж, ачуулж, хогийн нэгдсэн цэгт буулгасан байна. Тэдний хувьд дараагийн дуудах байгууллага нь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Статистикийн хэлтэс аж. Аянд дуудагдсан байгууллагууд долоо хоногийн дотор тайлангаа Улаангом сумын ЗДТГ-т ирүүлэх юм байна.

 

Холбоотой мэдээ