Цагаандэлгэр сумын ЭМТ-ийг М.Баянсаны нэрэмжит болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тус аймгийн Цагаандэлгэр
сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын Хүний гавьяат эмч Маньдиагийн Баянсан
агсны нэрэмжит болгох шийдвэр гарч, дөрөвдүгээр сарын 16-ны өдөр шийдвэрийг тус
сумын эмнэлгийн хамт олонд хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Хүний гавьяат эмч М.Баянсан
Ховд нутгийн унаган хүү хэдий ч 1978 онд АУИС төгсч, Цагаандэлгэр сумаас
ажил, амьдралын гараагаа эхэлж, улмаар аймгийн төвд сууршин, эгэл жирийн эмчээс сумын Засаг дарга, Гавьяат эмч болтлоо ажиллаж амьдрахдаа энэ л
аймгийн хүн ардтай сэтгэл зүрхээрээ ижилдэн дотносч, хайр хүндэтгэлийг хүлээж
явсан эмч хүн. Тиймээс дөнгөж сургууль төгссөн шинэхэн эмчийг тосон авч, 6
жилийг хамтдаа өнгөрүүлж, хөдөөгийн
амьдралын зовлон жаргалыг хамт туулж явсан хамт олон, нутаг орон, төрснөөс
өөрцгүй юм.
2015 онд Монгол Улсын Хүний гавьяат
эмч М.Баянсан хийсэн хөдөлмөр, зүтгэсэн зүтгэлээ төр засгаар үнэлүүлж, “Гавьяат” хэмээх эрхэм цолыг
хүртчихээд сумандаа очиж, хамт олонтойгоо уулзаж байжээ. Энэ үеэр сумын иргэд,
ЭМТ-ийн хамт олон сумынхаа эмнэлгийг өөрийнх нь нэрэмжит болгох саналыг тавьж,
тэрээр зөвшөөрч байсан түүх бий.
Тиймээс Цагаандэлгэр сумын Эрүүл
мэндийн төв, ард иргэдээс санал гарган, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар
хэлэлцэн ийнхүү шийдвэр гарч, түүний төрсөн өдрөөр нээж байгаа нь онцлогтой.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн
ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, аймгийн ЭМГ-ын дарга Г.Бат-Орших,
Монгол Улсын Хүний гавьяат эмч Б.Ганхөлөг, сумын засаг дарга Д.Буджав, М.Баянсан
агсны гэр бүл, үр хүүхдүүд, хамт ажиллаж байсан болон одоогийн хамт олон,
аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, сумын иргэд өргөнөөр оролцон түүний гавьяа,
хамт ажиллаж байсан түүх, дурсамжаа хүүрнэн, ая дуугаа өргөж, хүндэтгэл үзүүлжээ.
Мөн энэ үеэр аймгийн зөвлөх эмч,
дотор, шүдний эмч нар болон М.Баянсан агсны эмч хүүхдүүд сумын ард иргэдэд
эрүүл мэндийн үзлэг, эмчилгээ хийж, зөвлөгөө өгчээ.