Хэнтий аймаг 20,6 мянган га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-04 15:38:15

Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн ЗДТГ, ХХААГ-аас Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой, хаврын тариалалтын ажилтай холбогдуулан тариаланчид, ногоочдын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, түүний тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, тус газрын мэргэжилтнүүд, Хөдөө аж ахуйн их сургуулийн эрдэмтэн багш нар, сум бүрээс нэг ногоочин, газар тариалангийн бүс бүхий аж ахуйн нэгжүүдээс тариаланчдыг хамруулан 60 гаруй хүн оролцлоо.

Зөвлөгөөний эхний хагаст УЦУОШТ-өөс “Тариалалтын өмнөх цаг агаарын нөхцөл”, “Хонгор Арал” ХХК-ийн захирал н.Намнансүрэн “Эмийн ургамлуудыг тарималжуулах ач холбогдол”, ХААИС-ийн багш, доктор А.Жавхлантуяа “Бордооны хэрэгцээ, шаардлагын тухай”, ХААИС-ийн багш, Монгол Улсын зөвлөх агрономич, доктор Н.Сайханцэцэг “Жимс жимсгэнийг үржүүлэх аргууд” сэдвээр мэдээлэл танилцуулга хийж, арга зүйн зөвлөмж өглөө.

Энэ хавар Хэнтий аймаг 20,6 мянган га-д тариалалт хийж, уриншийн боловсруулалтыг 25,0 мянган га-д хийхээр төлөвлөсөн байна. Хаврын тариалалтад 3,1 мянган тонн үр шаардагдахаас 16 аж ахуйн нэгжид 1,4 мянган үр тариа нөөцөлжээ.

Зөвлөгөөний үеэр атар газар эзэмшсэний 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын талаар тариаланчид, ногоочдоосоо санал хүсэлт авч, харилцан хамтарч, ургацаа арвин хурааж ойгоо тэмдэглэх талаар зөвшилцөв.

Холбоотой мэдээ