Дипломны ТҮЦ-ээр үйлчлүүлэх хөөрхийлөлтэй залуу үе минь

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-01 12:18:47

Хэнтий /МОНЦАМЭ/ 2017-2018 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд 96 их дээд сургууль албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа нь тодорхойгүй, цөөн оюутан суралцдаг, чанаргүй боловсон хүчин бэлтгэж буй их, дээд сургуулиудын тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээг шат дараатайгаар хэрэгжүүлж эхэлсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байгаа юм. 2003 онд хийсэн нэгэн судалгаагаар манай улсад 182 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байсан нь их, дээд сургуулиудыг мөнгө олох “Дипломны ТҮЦ” болгон хувиргаж, одоогийн ажилгүйчүүдийн эгнээг тэлэх үндсэн шалтгаан болж ирсэний эмгэнэлтэй баримт юм.


2018 оны 12 дугаар сарын байдлаар Хэнтий аймгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй эрж байгаа ажилгүй иргэдийн тоо 751 байгаагаас 56.7 хувь нь эмэгтэйчүүд, 47.0  хувь нь 15-35 хүртэлх насны залуучууд байна. Энэ бол анхаарах шаардлагатай тоо.

Үүнээс гадна 2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийг 40,841 сурагч төгссөн боловч боловсролын хүрээлэнгээс хийсэн судалгаанаас авч үзэхэд, төгсөгчдийн 82.2 хувь нь “мэргэжлийн чиг баримжаа олгох, тухайн мэргэжлийн талаарх мэдээлэл олгох сургалтууд шаардлагатай” гэсэн дүн гарчээ. Энэ нь оюутан залуусын ажилгүй гэдэг бүлэгт бүдэрч ордог томоохон шалтгаан юм. 

Ажил хайгаад олдохгүй байгаа дипломтой ажилгүйчүүдийн 32 хувь нь улсын нийслэл Улаанбаатарт, 68 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна. Харин Хэнтий аймгийн хэмжээнд 2018 онд 157 625 их, дээд сургууль, коллежид  суралцагчид байгаа нь ирээдүйд хэд нь тэрхүү ажилгүйчүүдийн эгнээнд шилжих бол гэдэг айдсыг дагуулж буй. 

Иймд мэргэжил сонголтоо зөв хийгээгүйгээс ажилгүйдэх, эзэмшсэн мэргэжилдээ тохирохгүй ажил хийж байгаа төгсөгчдийн тоог багасгахын тулд ерөнхий боловсролын сургууль төгсөхөөс өмнө мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонгоход зөв чиглүүлэхэд  ЕБС-иуд болон эцэг эхчүүд том анхаарах шаардлагатай юм.

Гадны улс оронд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэртэй хангахын тулд хөдөлмөрийн зах зээлийн судалгааг нарийвчлан хийж түүнд тохирсон ажлын байрны захиалга, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг авч үздэг. Харин манай улсын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн нөхцөлд ажилгүй, мэргэжилд тохирох ажил олдохгүй байгаа төгсөгчдийн шалтгааныг нарийвчлан судлах, ажил олгогч ажил хайгчдыг холбох механизмыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дипломны ТҮЦ-ээр үйлчлүүлэх хөөрхийлөлтэй залуу үе минь ирээдүйн ажилгүйчүүдийн орон тоог бөглөсөөр, мэргэжлийн чиг баримжаагүй хүүхэд залуус хүсээгүй мэргэжлээ эзэмшиж, хүсэлгүй гэртээ суусаар байх уу?


Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээр ойрын 5 жилд эрэлттэй байх мэргэжлийн жагсаалт: 

1.    Маркетингийн менежер

2.    Мэдээлэл технологийн мэргэжилтэн 

3.    Өндөр зэрэглэлийн тогооч 

4.    Барилгын инженер

5.    Авто барилгын инженер 

6.    Гоо сайхны мэс засалч 

7.    Уул уурхайн инженер

8.    Архитектор

9.    Геологич

10.  Төслийн менежер 

 

Монгол Улсад хөдөлмөрийн зах зээл дээрх илүүдэлтэй мэргэжлийн жагсаалт:

1.    Хуульч

2.    Эдийн засагч

3.    Нягтлан бодогч, санхүү

4.    Түүхч, философич, улс төр судлаач

5.    Сэтгүүлч, нийгэм судлаач, бизнесийн удирдлага

 

 

 

 

 

Холбоотой мэдээ