Засгийн газрын цахим хуралд аймгийн дарга оролцож, тодорхой саналууд тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-31 21:54:00

Хэнтий /МОНЦАМЭ/ ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг зохион байгуулав. Энэ удаагийн хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.

Харин Хэнтий аймгаас аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар болон хэлтсийн дарга нар, ОБГ, ХХААГ-ын дарга, холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Цахим хурлаар аймаг, орон нутгийн хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан юм. Тухайлбал хуурайшилт ихтэй байгаа аймгийн тоонд Хэнтий аймаг орж байна. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, бэлчээр усжуулах, худаг гаргах, мөн Шадар сайдыг манай аймагт ажиллах үеэр аймгийн даргын зүгээс онцгой комисст 100 сая төгрөг шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавьсныг санууллаа. Мөн цалин, халамжийн мөнгө нэмэгдүүлсэн боловч санхүүгийн эх үүсвэрийг шийдэж өгөөгүйгээс үүдсэн өр үүсч байгааг анхаарууллаа.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулж хийнэ гэдгийг мэдэгдлээ. Энэ мэтчилэн дараа дараагийн цахим хуралд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан оролцуулж, холбогдох төрийн байгууллагуудын дарга нарт үгийг нь хүргэх, саналыг нь сонсох байдлаар хуралдвал илүү ажил хэрэгч, үр дүнтэй хурал болно гэдгийг онцолсон юм. 

Холбоотой мэдээ