Б.Жонсоныг дэмжихээ Д.Трамп мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-03-29 12:15:34

ВАШИНГТОН. /TASS/. Их Британийн Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоныг Ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшвэл дэмжих бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


“Надад Борис Жонсон маш их таалагддаг. Тэр бол миний найз” хэмээн Д.Трамп сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Түүнчлэн тэрбээр “Brexit”-ийг амжилттай хэрэгжинэ гэж найдаж байгаагаа илэрхийлэхийн сацуу Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэйн гаргаж буй хүчин чармайлтыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 


Их Британи Европын Холбооноос гарсан даруйд албан тушаалаасаа огцрохдоо бэлдэнэ гэдгээ Ерөнхий сайд Тереза Мэй намын гишүүддээ өмнө нь мэдэгджээ. Нийтийн танхим Европын Холбоотой байгуулсан хэлэлцээрийг батлахаас хоёр ч удаа татгалзсан юм. Үүнтэй холбоотойгоор, Евопын Холбооны гишүүн 27 орны төр, засгийн тэргүүн нар энэ сарын 21-нд Брюссельд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр “Brexit”-ийн хугацааг боломжит хоёр хувилбарт үндэслэн хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Эдгээр хувилбар нь Их Британийн парламент ЕХ-той байгуулсан хэлэлцээрийг энэ сард багтаад баталвал “Brexit”-ийн хугацааг ирэх 5 дугаар 22 хүртэл хойшлуулах, хэрэв хэлэлцээрийг батлахгүй бол ирэх сарын 12 хүртэл хойшлуулах хувилбарууд аж. 

Холбоотой мэдээ