Хэнтий аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх "Түнш" аймгаар сонгогдлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ "ITM 2019" Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэнг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Энэ үеэр Хэнтий аймаг Монголын аялал жуулчлалын холбооны 2020 оны түнш аймгаар сонгогдож шилжин явах тугаа гардан авлаа.
Хамтран ажиллах санамж бичигт аймгийн Засаг дарга Н.Ганбямба, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр нар гарын үсэг зурсан юм. Ингэснээр Хэнтий аймгийг бүтэн жилийн турш олон улсад сурталчлах, томоохон эвент арга хэмжээг хамтран зохион байгуулж жуулчдыг татах, гадаад харилцааг өргөжүүлэх юм.
Тус үзэсгэлэнг ХХ дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Япон, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО болон 21 аймгийн аялал жуулчлал, тээвэр, зочлох болон үзвэр үйлчилгээний 320 гаруй байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, шилдэг инновацийг танилцуулахаар оролцож байна.
Үзэсгэлэн гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.