Эр хүн бүр цэргийн алба хаах ёстойг ахмад дайчид сануулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-03-19 12:12:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар анги хамтран БНМАУ-ын баатар Л. Аюушын талбайд “Нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн тус үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд, цэргийн ахмад хурандаа нар оролцож, Л.Аюуш баатрын хөшөөнд цэцэг өргөсөн юм. “Жил бүр цэргийн албанд татагдах ёстой нийт залуусын 10 гаруйхан хувь нь л цэрэгт явах сонирхолтой байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа нь залуу, хойч үед цэргийн алба хаах нь нэр төрийн хэрэг юм гэдгийг ойлгуулах, алба хаах сонирхол төрүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх болов уу” хэмээн аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж хэллээ.

Цэргийн баярт зориулсан үйл ажиллагаа аймгийн ХДТ-т баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэв. Энэ үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд  хэлсэн үгэндээ, “Өвөрхангайчууд бид эх орныхоо төлөө халуун амиа зориулж, ялалт авч ирсэн Монгол Улсын баатар Л.Аюушийн баатарлаг гавьяаг ямагт санаж байх учиртай” хэмээгээд аймаг орон нутгийн бүхий  л ажилд дэмжин оролцож байдаг Зэвсэгт хүчний 256, 113 дугаар анги, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын бие бүрэлдэхүүнд баяр хүргэн эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Ахмад дайчид хэлэхдээ, “Эр хүн болж төрсөн хүн нэг бүр цэргийн алба хаах ёстой. Цэргийн алба хаах ёстой гэдгийг сурталчилж заадаг байх хэрэгтэй. Цэргийн алба нь мэдлэг олгодог, мэргэжил ч олгодог, хүнтэй харьцаж сургадаг сайхан алба юм” хэмээж байв. Хурлын үеэр Батлан хамгаалах салбарт үр бүтээлтэй ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Баярын хурлын дараа Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагчид хүндэтгэлийн тоглолт толилууллаа.  

Холбоотой мэдээ