Аялал жуулчлалыг дэмжих төслүүдэд 88 сая төгрөгийн санхүүжилт олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-08 23:26:23

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор ААН, иргэний есөн төсөлд 88 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.

Аймгийн ЗДТГ, Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, GIZ-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран тус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй иргэд, бүлэг нөхөрлөл, аж ахуйн нэгжид 10 сая төгрөг хүртэлх санхүүгийн дэмжлэг олгох зорилго бүхий “Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан”-г байгуулсан.

Тус сангаас төслийн уралдааныг Баянхонгор аймагт бүртгэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хүмүүсийн дунд бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын санал бүхий төслүүдийг нэг сарын хугацаанд хүлээн авч, нийт ирсэн 16 төслөөс нэр бүхий төслүүдийг шалгаруулсан байна.

Аялал жуулчлалын салбар нь жилээс жилд өргөжин тэлж, ажлын байрыг нэмэгдүүлж, орлогын шинэ эх үүсвэрийг бий болгож буй. Энэ нь орон нутгийн иргэд нутгийн онцлогт зан заншил, соёл, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх, сурталчлах замаар тус салбарт хувь нэмрээ оруулж, түүнээсээ ашиг хүртэх боломжийг олгож байгаа юм.

Аялал жуулчлал нь Баянхонгор аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд сүүлийн жилүүдэд энэ салбарыг эрчимтэй хөгжүүлэх бодлогын хүрээнд олон ажлыг хийж байгаа юм байна.

"Аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын тусгай сан"-гаас зарласан тус төслийн уралдаан нь хүүгүй болон эргэн төлөлтгүй гэдгээрээ маш том давуу талыг төсөл бичигч нарт олгож байгаа юм. Гэхдээ олон улсын төсөл хөтөлбөрийн заавар журмын хүрээнд төслийн хэрэгжилтэд маш нарийн хяналтыг мэргэжлийн байгууллагуудаас тавих ба төслийн санхүүжилтыг мөнгөн хэлбэрээр бус төсөлд бичсэн шаардагдах материал тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм байна.

Мөн төсөл бичиж шалгаруулалтад оролцсон ниит иргэдийг 350.000 төгрөгийн төлбөр бүхий "Төсөл маркетенгийг зөв бичиж хэрэгжүүлэх нь" сэдэвт сургалтад үнэ төлбөргүй хамрагдах Эрхийн бичгээр урамшуулжээ.

Ийнхүү энэ онд Баянхонгор аймагт 

- Өв урлал, гар урлал
- Баянхонгорт үйлдвэрлэв
- Үзмэр бүхий зоогийн өргөө
- Мандухай жуулчны бааз
- Дөш нөхөрлөл
- Шаргалжуут Сарлагийн буян
- Морьтон Монгол
- Орог нуур, Богд байгаль хамгаалах төсөл
- Ганбайгаль

нэртэй Аялал жуулчлалыг дэмжих есөн төсөл хэрэгжихээр боллоо.

Холбоотой мэдээ