Б.Энх-Эрдэнэ: Нийгмийн анхдагч суурь гэр бүл бүрт хүрч ажиллахыг зорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-01 15:55:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг 2018 оныг "Гэр бүлийн хөгжлийн дэмжих жил" болгон  зарлаж, саяхан үйл ажиллагааны хаалтаа хийлээ. Энэ хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга

Б.Энх-Эрдэнэтэй ярилцав.


-Залуу хүний хувьд төрөлх нутагтаа ирж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх том айлын тэргүүн болон ажиллах болсон анхны сэтгэгдлээ хуваалцаач?

-Би хүүхэд байхаасаа хүүхдийн оролцооны байгууллагаар явдаг идэвхтэй сурагч байлаа, их сургуулийн оюутан болоод мөн л оюутны холбоо, оролцооны байгууллагуудад ажиллаж байсан. Тэр ч утгаараа 2016 онд надад итгэл хүлээлгэж төрөлх нутагтаа ажиллаж, амьдрах боломжийг нээн санал тавьснаар би энэ байгууллагатай өнөөдрийг хүртэлх ажил амьдралаа холбон зүтгэж явна. Хүүхдийн төлөө төвийн ах, эгч нар маань хүүхэд насны минь төлөвшил суурийг оролцооны байгууллагаар дамжуулан надад олгосон учир хамт олон маань намайг халуун дулаанаар угтан авсан. Анх ажлаа хүлээж аваад бусад аймгийн туршлагыг судлахаар шийдэж, юу хийвэл ард иргэдэд хүрсэн, үр дүнтэй ажил хийж болохыг бусдын сайн туршлагаас суралцаж ажлаа эхэлж байлаа. 

-Манай аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд танай байгууллага ямар ажлууд хийж хэрэгжүүлэв?

-Анх туршлага судлаад явж байхад байгууллагууд гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж нэлээд үр дүнд хүрсэн байсан. Ингээд 2017 оны 11-р сард аймгийн ИТХ-ын 77 дугаар тогтоолоор сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагийг Гэр бүлийн өдөр болгож 2018 оны нэгдүгээр сарын 27-нд Аймгийн Засаг даргын захирамж гарч “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Ингээд ард иргэд рүү чиглэсэн ажлын төлөвлөгөө гаргаж байгууллагууд хуваарилан авч төлөвлөгөөний дагуу ажил эхэлснээр нийт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө босгож энэ чиглэлд зарцуулсан байна. Энэхүү томоохон ажилд хамтран ажилласан, дэмжлэг үзүүлсэн бүх байгууллага, ажлын албаны хамт олондоо талархлаа илэрхийлье.

-Гэр бүл, хүүхэд, залуус гэдэг бол энэ нийгмийн хамгийн чухал хэсэг. Тэдгээрт хүрч ажиллах чиглэлээр ямар ажлууд санаачлан хийж байна вэ?

-Нийгмийн хамгийн гол субъект бол Гэр бүл, хүүхэд, залуус. Энэ ч утгаараа манай байгууллага олон ажлыг  санаачлан хэрэгжүүлж ажилласан. Эдгээрийн нэг нь хамгийн өргөн бүрэлдэхүүнийг хамарсан “Залуус хөгжлийн эхлэл” арга хэмжээ байсан. Ер нь байгууллагуудын хувьд ийм өргөн бүрэлдэхүүнтэй аймгийнхаа бүх суманд хүрч ажилласан тохиолдол байдаггүй юм билээ. Энэ нь “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хийсэн ажил бөгөөд сум орон нутгийн иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, нөлөөллийн ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хийлээ. Аймгийнхаа 18 сумаар тойрох хүрээнд Гэр бүлтэй холбоотой лекц сургалт,  гэр бүл рүү чиглэсэн ажлуудыг зохион байгуулж байгааг тухайн орон нутгийн иргэд эерэгээр хүлээн авч байлаа. Мөн бид орон нутгийн залуучуудын хөгжил, хамтын ажиллагааг дэмжих, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх хамгаалах Дэд хөтөлбөр боловсруулан Аймгийн ИТХ-аар батлуулж Залуучуудын дэд хөтөлбөртэй болсон. Газрын дэргэд Гэр бүл, залуучуудын хөгжлийн төвийг байгуулан, засвар үйлчилгээ хийж бүрэн тохижуулан ашиглалтад орууллаа. Түүнчлэн хохирогч, хүүхэд хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгууллаа.

-Танай байгууллагаас санаачлан Хүүхэд хамгааллын хамтарсан багийг 18 суманд ажиллуулдаг гэсэн. Тэд яг юу хийдэг вэ?

-Хүүхэд хамгааллын хамтарсан багийг 2017 онд шинэчлэн найруулсан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль”-ийн дагуу сум, хороо бүрт ИТХ-ын тогтоолоор байгуулж, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, илэрсэн тохиолдолд хамгаалах үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг. Аймгийн хэмжээнд бүх сум, Хэрлэн сумын 8 багийн нийт 26 хамтарсан багт 227 гишүүн ажиллаж байна. Хамтарсан багууд өнгөрсөн жил зохион байгуулсан 3 сарын аяны хүрээнд урьдчилан сэргийлэх 84 төрлийн ажлыг 348 удаа зохион байгуулж, 27156 иргэнийг хамруулж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 77 хүнд 440 удаагийн үйлчилгээ хүргэж, 144 ажил төлөвлөн 122 ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

-Байгууллага удирдаж ажиллана гэдэг амаргүй. Өнгөрсөн хугацаанд саад бэрхшээл хэр тохиолдож байв. Ер нь өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Тийм шүү. Залуу хүний хувьд байгууллага удирдана гэдэг амаргүй ажил. Миний хувьд хийж байгаа ажил үйлчилгээгээрээ өөрийгөө илэрхийлэхийг хичээдэг. Алдаагүй амжилт гэж байдаггүй. Гэмших, дараа дараагийн ажилдаа сургамж авах гээд туршлага суусаар л байгаа. Хүний амьдралд олон хүнд, хэцүү даваа нугачаа тохиолдоно. Тэдгээр давааны нэг гэж бодоод түүний цаана нь байгаа мөрөөдлийнхөө төлөө зүтгэж явна.

-Залуу хүнийг зорилго нь сэрээдэг гэдэг дээ. Ер нь өглөөг хэрхэн эхэлдэг вэ?

-Залуу насыг би өглөөтэй зүйрлэнээ. Тэр ч утгаараа өглөө бүхэн шинэхэн, залуус маань хүсэл мөрөөдөлтэй, зорилгынхоо төлөө сэрдэг, сэрж байгаа гэдэгт ч итгэдэг.

-Гэр бүл төлөвлөлт тал дээр ямар санаа бодолтой явдаг вэ? Залуучууддаа хандаад хэлбэл...

-Гэр бүлийг би монгол гэртэй зүйрлэнээ. Сайхан дуун дээр ч гардаг. Хос багана нь чи бид хоёроо гэдэг шиг айл гэр бат бөх, хугарашгүй ноён нуруутай байх ёстой. Мөн айл гэрийн нэгэн чухал зүйл бол тулга буюу гал голомт  байдаг.  Гал голомт нь энерги, эрч хүчээр дүүрэн байж гэмээ нь хань ижил маань хайраар дүүрэн, үр хүүхдүүд нь аз жаргалтай амьдарна. Ер нь залуучууд зөв сонголт хийгээгүйгээс болоод өнөөдөр олон гэр бүл салж байна. Олон хүүхэд өнчирч үлдэж байна. Хамгийн чухал нь зөв сонголт хийгээсэй, амьдралаа зөв төлөвлөөсэй, тэрхүү сонголтдоо үнэнч байж босгож бүтээсэн амьдралаа нураахгүй, итгэлтэйгээр амьдраасай гэж хүсдэг.

            -Анх ажлаа хүлээж авснаас хойшхи байгууллагын дэвшил хөгжлөө тоймлож дүгнэвэл?

-2017 он бол ажил авсан анхны бөгөөд онцлог жил байсан. Бид Гэр бүл, залуучууд, хүүхдүүд рүү чиглэсэн сургалтыг тогтмолжуулж, хөгжил хамгааллын ажлыг нэлээд түлхүү хийлээ. 2017 оны ажлын төлөвлөгөөгөө байгууллагын өнгө үзэмжийг сайжруулах засвар үйлчилгээнээс эхлүүлсэн. Хүүхэд, өсвөр үе, залуучууд, гэр бүл, иргэд олон нийтэд чиглэсэн 73 удаагийн томоохон арга хэмжээ, сургалт сурталчилгааг зохион байгуулж 15000 иргэн, олон нийтэд хүрч ажиллан 2017 ондоо Аймгийн тэргүүний байгууллага болсон. 2018 онд Гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд 194 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж давхардсан тоогоор 98271 хүнийг хамруулан томоохон нөлөөллийн ажил хийлээ. Аймгийн ИТХ-аар Залуучуудын дэд хөтөлбөрөө батлуулж, аймгийнхаа 18 сумаар тойрч нийт 5167 иргэнд хүрч ажилласан байна. Түүнчлэн Гэр бүл, Залуучуудын хөгжлийн төв, Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд нийтдээ 100 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийж, тоног төхөөрөмж худалдан авч ашиглалтад оруулаад байгаа. 2018 оны Монгол Улсын Шилдэг хүүхдээр манай аймгаас 2 хүүхэд тодорсон. Мөн оны төгсгөлд 18 сумын залуучуудын зөвлөлийн ажлын тайланг хүлээн авч Шилдэг зөвлөлөө шалгарууллаа, салбар бүрийн шилдэг залуучуудаа тодруулан өргөмжилж урамшууллаа.

- 2019 ондоо төлөвлөсөн зорьсон олон зүйл байгаа биз ээ?

-Мэдээж 2019 онд хийхээр төлөвлөсөн олон ажил ээлж дараагаа хүлээн жагсч эхнээсээ хэрэгжээд явж байна. Эдгээрээс нэн тэргүүний чухал ач холбогдол өгч буй ажил бол Хүүхэд, өсвөр үе, залуучуудын хөгжил хамгааллын асуудал юм. Ялангуяа хамгааллын тал дээр судалгаатай олон ажил хийхээр нарийн төлөвлөөд байна. Мөн Гэр бүл, залуучуудын чиглэлээр төрөөс барьж байгаа бодлого шийдвэр, ажил үйлчилгээг шинээр бий болгосон Хөгжлийн төвүүдээрээ дамжуулан хүргэхийг зорьж байна.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн эрхийн хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, зөрчлийн хууль, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ зэрэг чиглэлээр нийт 18 сум, 38 байгууллагын 4004 хүнд хүрч ажилласан. Мөн хариу үйлчилгээний хүрээнд Хүүхдийн тусламжийн утас 108-д нийтдээ 58 удаагийн дуудлага ирж холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай үйлчилгээ үзүүлж 32 кейсийг хаан, 26 кейс манай байгууллагын зүгээс давхар хяналтад байна. Гэр бүл, залуучуудын хөгжлийн төвүүд хуучнаар Дэлхийн зөнгийн хөгжлийн төвд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд гэр бүл, залуучууд тус төвүүдээс шаардлагатай мэдээ мэдээлэл авч, гэр бүлийн зөвлөгөө сургалтад хамрагдан, үнэ төлбөргүй фитнессээр хичээллэх, номын сангаар үйлчлүүлж, амьдрах ухааны 12 төрлийн модуль сургалтад хамрагдах боломжтой. Мөн манай төвийн дэргэд шатар, бүжиг, найрал дуу, теннис зэрэг дөрвөн төрлийн дугуйлангууд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хичээллэж эхлээд байна.


Холбоотой мэдээ