Хүн ам, орон сууцны тооллогын талаар танилцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-28 20:56:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны ээлжит тооллогыг 2020 онд зохион байгуулахтай холбогдуулан Үндэсний статистикийн хороо, Дундговь аймгийн статистикийн хэлтсээс тооллогын комиссын гишүүдэд тооллого зохион байгуулах арга зам, үзэл баримтлал, зорилго, зорилтын талаар мэдээлэл хийжээ.

Үндэсний статистикийн хорооноос тус хорооны хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга, хүн ам, орон сууцны тооллогын улсын комиссын нарийн бичгийн дарга А.Амарбал уулзалтад оролцож, тооллогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.

Монгол Улс хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллогыг 5 жил тутам явуулдаг. Энэ удаагийн тооллого 11 дэх удаагийнх.

Харин 2020 оны хүн амын тооллогын суурь судалгаа болгох зорилгоор 2019 онд байшин, орон сууцны тооллогыг явуулах бөгөөд энэ нь анх удаа хийгдэж байгаа ажээ.

1989, 2000, 2010  онуудад хүн ам, орон сууцаа тоолохдоо уламжлалт буюу өрхийн гишүүн бүрээс асууж тоолж байсан бол 2020 оны 11 дэх удаагийн тооллогоо уламжлалт арга болон төрийн байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлтэй уялдуулах хосолмол аргыг ашиглан явуулах ажээ. Улсын тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 00:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.

Аймгийн Засаг даргын 2018 оны А/162 захирамжаар 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын комиссыг байгуулаад байна.

Холбоотой мэдээ