Венесуэлийн хямралыг товчоор

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-02-22 14:22:42

КАРАКАС. /BBC/. Венесуэлийн олон сая иргэнийг дүрвэхэд хүргэсэн хүмүүнлэгийн хямралын талаархи он цагийн товч дарааллыг телевизийн "BBC" суваг баасан гарагт танилцуулжээ. 

 

2013 оны дөрөвдүгээр сарын 14

Төрийн эрхийг олон жилийн турш барьсан Уго Чавес нас барсны дараа Николас Мадуро Ерөнхийлөгчөөр сонгогдов. Сонгуулийн санал хураалт хээл хахуульд автсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсээр байв.


2014 оны хоёрдугаар сарын 18

Сөрөг хүчний удирдагч Леополдо Лопез баривчлагдсан нь Н.Мадурогийн эсрэг жагсаал цуглаан хүчтэй өрнөх шалтгаан болов. Л.Лопез өдийг хүртэл гэрийн хорионд байгаа юм.


2017 оны гуравдугаар сарын 29

Дээд шүүх Үндэсний ассемблейд хяналт тавих болсноо мэдэгдсэн нь Засгийн газрын эсрэг жагсаал цуглаан өрнөхөд хүргэв. Жагсаал цуглаан олон сарын турш үргэлжилсэн ба энэ үеэр 100 гаруй хүн амиа алджээ. Дээд шүүх энэхүү шийдвэрээ сүүлд цуцалсан байна.


2017 оны долдугаар сарын 17

Сөрөг хүчнээс зохион байгуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд Венесуэлийн 7 сая гаруй иргэн Ерөнхий Ассамблейг хянах шинэ хороо байгуулах Н.Мадурогийн төлөвлөгөөний эсрэг санал өгөв.


2018 оны тавдугаар сарын 20

Н.Мадуро Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. Сөрөг хүчний хоёр нэр дэвшигч сонгуулийг луйвардсан хэмээн үзэж, үр дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзав.


2018 оны 11 дүгээр сарын 8

"Венесуэлийг орхисон дүрвэгч, цагаач иргэдийн тоо 3 сая давсан" тухай НҮБ мэдээлэв. Эдийн засаг бүрэн уналтад орсон нь хоол хүнс, эм тарианы хомсдол үүсгэв.


2019 оны нэгдүгээр сарын 10

Н.Мадуро Ерөнхийлөгчийн тангарагаа өргөв. Ерөнхий Ассамблейн нэрд гараагүй, шинэ удирдагч Хуан Гуйадо Н.Мадурог “эзлэн түрэмгийлэгч” хэмээн нэрлэв.


2019 оны нэгдүгээр сарын 21

Венесуэлийн эдийн засгийн уналт үргэлжилсээр байв. "Хандивын 100 гаруй төвийн нөөц шавхагдаж, улс даяар хэд хэдэн хүн нас барсан" тухай Каракаст төвтэй хандивын нийгэмлэгээс мэдээлэв.


2019 оны нэгдүгээр сарын 23

Х.Гуайдо хэд хэдэн нэр нөлөө бүхий хүний хэлснээс иш татан Н.Мадурогийн албан тушаалыг хууль бус хэмээн зарлаж, өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлав. Х.Гуайдог АНУ болон Латин Америкийн хэд хэдэн орон хүлээн зөвшөөрсөн нь хоёр талын өрсөлдөөн ширүүсэхэд хүргэв.


2019 оны хоёрдугаар сарын 7

Венесуэлтэй залгаа Колумбийн хил дээр хүмүүнлэгийн тусламж ирж, тус улс руу нэвтрэхэд бэлэн болов. Харин Н.Мадуро замуудыг нефть тээвэрлэгчээр хаахыг цэргийн албан хаагчдад үүрэг болгов.

Холбоотой мэдээ