Ах дүүсийн хоршоо өгөөжөө өгсөөр

Орон нутагт
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-17 16:11:06

Монголд хамгийн том буюу 24 метр урт, 180 см өргөн ширдгийг ширсэн хөдөлмөрч хүмүүс Өвөрхангай аймгийн Богд суманд амьдарч байна. Мал маллахын зэрэгцээ аялал жуулчлалын бизнес эрхэлж, бас гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг эгч дүү гурав “Сэрвэн хайрхан” малчдын хоршоог байгуулан ажиллаж байгаа ба Н.Насантогтох хэмээх бүсгүй удирддаг аж.

Тэрээр “Ах дүүс маань бүгд уран болохоор бүгдийг нь нэгтгээд хоршоо байгуулах юмсан  гэж олон жил дотроо бодож явсан ч хөдөөгийн малчид зүг зүг рүү нүүж явчихаад болж өгөхгүй байсан. Харин 2011 онд сумынхаа Засаг даргад хүсэлт тавьснаар малчдын хоршоо байгуулж чадсан. Анх таван өрх айл тус бүр 100.000 төгрөгөөр нийлэн дундын сан байгуулж, булаг, бэлчээр хаших, малынхаа ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэн сумын хэмжээнд жилд нэг удаа зохиогддог үзэсгэлэн худалдаанд оролцох зэргээр ажлаа эхэлсэн” гэж байлаа. 
Одоо тус хоршоо 11 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж, аймаг, хотын үзэсгэлэн худалдаануудаас “Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ийн шагналыг удаа дараа аваад байна. Зуны дэлгэр цагт гэр баазад нь жуулчид тасардаггүй бөгөөд хоол, цайгаар үйлчлэхээс гадна малчин айл тэмээгээр хэрхэн нүүдэл хийдэг болон нүүж ирж буй хүмүүсийг угтаж авах монгол ёс заншлыг өөрсдөө биечлэн үзүүлдэг байна. Мөн морь, тэмээ унуулахаас гадна цагаан идээ боловсруулах, утас ээрэх, дээс томох, ширдэг ширэх гэх мэтийн малчин хүний аж амьдрал, өв соёл, онцлогийг харуулсан үйлчилгээ үзүүлдэг гэнэ. 

Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд