“Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалтад 250 гаруй төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2016-03-15 15:56:47

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Сангийн яамнаас НҮБ-ийн Ногоон эдийн засгийн төлөөх хөтөлбөр, Монголын банкуудын холбоо, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Ногоон хөгжлийн түншлэлийг дэмжих нь” уулзалт семинарыг маргааш буюу энэ сарын 16-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Тус семинарын гол зорилго нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Ногоон хөгжлийн бодлого зэрэг эдийн засаг, нийгэм, байгаль орчны зорилтуудыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж, хөгжлийн түнш байгууллага, банкны салбар, бусад сонирхогч талуудыг нэгтгэн уриалах түүнчлэн хамтын оролцоотойгоор ногоон хөгжлийн түншлэлийн хөтөлбөрийг өргөжүүлэхэд чиглэх юм байна.  

БОНХАЖЯ-ын сайдын зөвлөх А.Цолмон “НҮБ-ын таван байгууллагын хамтран зохион байгуулдаг Ногоон хөгжлийн төлөөх түнжлэл хөтөлбөрт оролцогч байгууллагуудын төлөөлөл семинарт хүрэлцэн ирж оролцоно. Тухайлбал НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн төлөөллүүд байх юм” гэлээ.

Тус уулзалт семинарын хүрээнд Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилт, ололт амжилт, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг дүгнэн хэлэлцэх, эдийн засгийн тогтвортой хөгжилд учирч буй саад бэрхшээл зэргийг тодорхойлж оролцогч талуудын цаашдын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэх юм байна.

Тус уулзалтад Засгийн газрын бүх яамд, харьяа агентлагууд, их дээд сургуулиуд, шинжлэх ухааны судалгааны байгууллага болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөл, олон улсын төсөл хөтөлбөр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 250 гаруй төлөөлөгч оролцох аж.

С.Сайнзаяа

Холбоотой мэдээ