Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцож үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-01-20 18:00:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өчигдөр БХЯ-нд болсон “Монгол Улсын цэргийн аюулгүй байдал-цэргийн урлагийн хөгжил” сэдэвт Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний  стратегийн цугларалтад оролцож үг хэллээ.

Тэрээр, “Монгол Улс 1990 онд нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэнээс хойш Батлан хамгаалах салбартаа хоёр дахь удаагийн эрх зүйн шинэчлэлийг хийж байна. Өнгөрсөн оны 12-р сард баталгаажуулсан “Монгол Улсын Төрийн цэргийн номлол” баримт бичигт Монгол Улсын өөрийгөө хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үзэл баримтлалыг тодорхойлж, тайван цагт болон дайны байдлын үед зэвсэгт хүчнийг ашиглахтай холбогдсон олон асуудлыг тусгасан”-ыг онцолж байв.

Цаашлаад, “Жанжин штаб зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтаар шинээр томьёолсон батлан хамгаалах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэн бэхжүүлэх, түүнийг ашиглах талаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, түүний дотор бие бүрэлдэхүүнээ сургаж бэлтгэх замаар үүрэг гүйцэтгэх чадавхыг нь нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна гэж Ерөнхий командлагчийн хувьд үзэж, ойлгож байгаа.

Төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад оруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч бүрэн эрхийнхээ хүрээнд баталдаг “Зэвсэгт хүчний тайван цагийн болон дайны байдлын үеийн зохион байгуулалтын бүдүүвч”-д Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын байгууллагын нэгтгэл, анги, салбарууд багтсан байгаа бөгөөд дотоодын цэргийн анги, салбаруудыг нэмж оруулах шаардлага байгаа. Үүнийг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэг гүйцэтгэгч ойрын хугацаанд шийдвэрлүүлнэ гэдгээ надад илтгэсэн” гэлээ.

Цаашид Монгол Улсын төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл байдлыг хангах үүднээс төрийн цэргийн байгууллагуудын дарга нар өөрийн салбарын бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулахын өмнө энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч миний биетэй харилцан зөвшилцөж байхыг үүрэг болгож байна” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга үгийнхээ төгсгөлд нэг зүйлийг зориуд цохон тэмдэглэхийг хүсч байна гээд, “Төрийн албаны тухай” хууль”төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах” гэж заасан. Төрийн тусгай алба, түүний дотор төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын томилгоо, ажил үүргийн хуваарилалт шударга зарчмаар явагдах ёстой. Цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ангид байх ёстойг анхааруулъя” гэсэн юм.  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Дэслэгч генерал Д.Даваа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, Бригадын генерал Ч.Сайнтөр нар Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцов.

 

 

Холбоотой мэдээ