“Аялгуут нутаг” сэтгүүл дахин мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-05 14:35:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэсэг залуучуудын санаачлан гаргасан “Аялгуут нутаг” сэтгүүл дахин мэндэлж, 2018 оны 12 дугаар сарын шинэхэн дугаар уншигч олны хүртээл болоод байна.

Тус сэтгүүл  2016 онд анх гарч, хоёр дугаар хэвлэснээс хойш хэсэг хугацаанд завсарлаж байгаад энэ онд шинэхэн дугаараа гаргажээ.

Энэхүү сэтгүүл нь орон нутгийнхаа иргэдийн аж амьдрал, амжилт бүтээл, тэдний туршлага, сонин содон үйл явдлыг уншигч түмэндээ толилуулж, танин мэдэхүйн шинэ соргог мэдээ мэдээллийг хүргэх зорилготой ажээ.

“Аялгуут нутаг” сэтгүүлийг эрхлэн гаргагч залуучууд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зохион байгуулсан “Бизнесээ эхэл” сургалтад хамрагдаж, орон нутгийн мэдээллийн суваг, хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл боловсруулсны үндсэн дээр бизнесээ эхлүүлэх зээл авч, ийнхүү сэтгүүлээ дахин хэвлэн гаргасан байна.

Сэтгүүлийн ерөнхий редактор Г.Амарсүрэн “сэтгүүл цаашдаа сар бүр тогтмол гарах бөгөөд уншигчдаа чанартай, тэдэнд дутагдаж байгаа, хэрэгцээтэй мэдээ, мэдээллээр хангаж, шинэлэг байдлаар сэтгүүлээ гаргаж байна” хэмээн мэдэгдлээ.

Сар бүр тогтмол гарах “Аялгуут нутаг” сэтгүүлийг 4000 төгрөгөөр борлуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ