В.Путин, Э.Макрон нар утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-01-03 11:07:39

МОСКВА. /Xinhua/. Лхагва гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон нар утсаар ярьж, Сири болон Украины асуудлыг зохицуулах тухай хэлэлцсэн байна.


ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, хоёр Ерөнхийлөгч Сирийг төвхнүүлэх тухай асуудлууд, ялангуяа Үндсэн хуулийн хороог байгуулах тухай дөрвөн талт хэлэлцээрийн талаар дэлгэрэнгүй хэлэлцсэн ажээ.


Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд Истанбул хотноо зохион байгуулсан В.Путин, Э.Макрон, Германы Канцлер Ангела Меркель болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын дээд хэмжээний уулзалтын үеэр Сирийн Үндсэн хуулийн хороо байгуулах талаар талууд зөвшилцөлд хүрсэн юм.


Францын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, Францын Сири дэх зорилго бол террорист “Лалын улс” бүлэглэлийг нухчин дарж, терроризмын эсрэг тэмцэх байсан бөгөөд энэ тэмцэл дуусгавар болоогүй байгаа аж.


"Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн Украины хямрал болон өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд Керчийн хоолойд юу болсон талаар ярисан" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны мэдэгдэлд тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ