Баян-Өлгийн зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-01-03 10:55:29

          Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Дэлүүн, Толбо сумдын ихэнх нутаг, Цэнгэл, Сагсай сумдын зарим багуудаар 5-12 см, уулаараа 30 см хүртэл цасан бүрхүүл тогтож, малын бэлчээр хомсдож эхэлжээ.

              Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр, дээрх нутгийн малчид бод малыг хүртэл тэжээлд оруулж эхэлсэн бөгөөд цаашид нэмж цас орж, хүйтэрсэн тохиолдолд зудын аюул нүүрлэж болзошгүй аж.

                2018-2019 оны өвөл Баян-Өлгий аймагт 2,2  сая толгой мал өвөлжиж байгаагаас өнгөрөгч сарын 20-ны өдрөөс хойш 1000 орчим толгой мал зүй бусаар хорогджээ. Өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан малчид болон сумдын удирдлагууд зах зээлд борлогдож байгаа өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, буулгах арга хэмжээ авах тухай хүсэлт ирүүлээд байгаа гэнэ.

Иймээс аймгийн удирдлагын зүгээс Засгийн газарт ОХУ-аас импортоор орох малын тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хүсэлт тавьж байгаа бөгөөд одоогоор тодорхой шийдвэр гараагүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ