Дундговь аймагт мал сүрэг таван төрөл дээрээ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-28 22:58:10
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнгээс харахад аймгийн хэмжээнд 3825,9 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 6,5 хувиар буюу 232,9 мянгаар өсчээ.

Малын тоог 1980 оноос хойш харьцуулсан статистик судалгаагаар 2010 оноос хойш малын тоо тогтвортой өсч байгаа ажээ.

Малын тоог төрлөөр нь авч үзвэл адуу 162,9 мянга болж, 1,7 хувиар, үхэр 76,1 мянга болж, 1,1 хувиар, тэмээ 39,3 мянга болж, 6,8 хувиар, Хонь 1831,1 мянгад хүрч, 8,6 хувиар, ямаа 1716,6 мянга болж, 5,0 хувиар тус тус өссөн байна.  

Малынхаа тоогоор Эрдэнэдалай сум (557,3 мян) тэргүүлж, Сайнцагаан сум (397,5 мян) удаалж, Өлзийт сум (330,6 мян), Адаацаг сум (295,2 мян), Хулд сум (292,7 мян) удаах байруудад орж байна.

Мал сүргийг бүтцээр нь авч үзвэл нийт малын 48 хувийг хонин сүрэг, 45 хувийг ямаан сүрэг, 4 хувийг адуу, 1,9 хувийг үхэр, 1 хувийг тэмээн сүрэг эзэлж байгаа юм.

Малын тооны өсөлт бүх (15) суманд 100-гаас дээш хувьтай байна. Өлзийт сумын малын тооны өсөлт  116,7 хувьд хүрч, тэргүүлж байгаа бол Говь-Угтаал сумын малын тооны өсөлт   100 хувьтай байгаа нь хамгийн бага үзүүлэлт  ажээ.   

Холбоотой мэдээ