“ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих” төслийн эхний ээлжийн техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-18 09:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн хүрээнд нийлүүлэх техник тоног төхөөрөмжүүдийн эхний ээлж болох услалтын системүүдийг оруулж ирж Тариалан эрхлэлтийг дэмжих санд хүлээн авч байна.

Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор "Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг даалгасны дагуу холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь БНХАУ-ын санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хүрээнд газар тариалан, тэжээлийн үйлдэрлэлд нэн хэрэгцээтэй, нийт 24.5 сая ам.долларын өртөг бүхий 50-165 м.х-тэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай дунд оврын иж бүрдэл техник 40 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрдэл техник 20 ширхэг, 9890 га талбайг услах хүчин чадалтай усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нийлүүлэх юм.

 


Эдгээр техник, тоног төхөөрөмжийг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, ААН-үүдэд олгох ажлыг ХХААХҮЯ, түүний харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан зохион байгуулна.


Төслийг хэрэгжүүлснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9200 га, төмс, хүнсний ногооны 450 га, жимс, жимсгэнийн 240 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалтыг технологийн дагуу гүйцэтгэх, бүтээгдэхүүний чанар, хэмжээ өсөх, тариалангийн үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөөтэй гэж үзэж байна.

 

 

Холбоотой мэдээ