Б.Гүнбилэг:УИХ-ын даргыг таван үндэслэлээр огцруулах хуулийн заалт бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2018-12-06 12:49:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр ярихдаа, "УИХ-ын даргыг огцруулах үндэслэлийн талаар хүмүүс их асууж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т зааснаар УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж, чөлөөлж болно. УИХ-ын тухай хуулиар нэгдүгээрт нас барсан, хоёрдугаарт өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт  гаргасныг УИХ  хүлээн авсан, гуравдугаарт хүндээр өвдөж үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан болон Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан байх заалт бий. Мөн тавдугаарт гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан гэсэн зүйл заалтаар огцруулна. Дээрх таван зүйл заалтаас өөр шалтгаанаар УИХ-ын даргыг огцруулах үндэслэл байхгүй. Энэ нь хууль бус юм. Хэрэв дээрх таван зүйлээс өөрөөр огцруулах үндэслэл тавибал Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчинө гэсэн үг. УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 23-т УИХ-ын гишүүний ёс зүйг чанд баримтална хэмээн заасан байдаг. Тиймээс УИХ-ын хэвийн үйл ажиллагааг явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахиж хуульд заасан үндэслэлийнхээ дагуу хандах нь чухал. Огцруулах асуудал байгаа бол хуульд заасан үндэслэлээ ярих ёстой” гэв. 

Холбоотой мэдээ