Монголын банкны холбоо ЖДҮХС-тай холбоотой мэдэгдэл гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-01 17:30:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын банкны холбооноос ЖДҮХС-гийн зээлийн асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд,"Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаж буй “ЖДҮХС-гаас 2015-2018 онд олгогдсон бүх  зээлийн мэдээлэлд дурдагдсан “банкаар дамжсан зээлийн санхүүжилт”-ийн жагсаалттай холбоотойгоор харилцагч, олон нийтэд буруу ташаа мэдээлэл хүргэж байгаатай холбоотойгоор энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

ЖДҮХС-гаас 2015-2016 онуудад арилжааны банкуудтай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу 28,6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дамжуулан зээлдүүлсэн байдаг. Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд эхлээд ЖДҮХСангаас дэмжих төслүүдээ сонгон шалгаруулж, тухайн зээл хүсэгчийн сонгосон банкаар дамжуулан зээлдэгчийг судлах ажиллагааг хийлгэдэг байсан. Арилжааны банкны хувьд сонгогдсон төсөлд мэргэжлийн үнэлгээ, шинжилгээ хийж, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн болон банкны зээлийн бодлого, журмын шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд банкны зээлийн шаардлагыг хангаж буй бичгийг ЖДҮХСанд хүргүүлэн, улмаар санхүүжилтийг сангаас хүлээн авч, зээлдэгчид дамжуулан олгож ирсэн.


Зээлийг дамжуулан олгосон банкны хувьд зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд байнгын хяналт тавих, тухайн зээлдэгч хугацаандаа зээлээ төлсөн эсэхээс үл хамаарч ЖДҮХСанд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу шилжүүлэх үүргүүдийг ЖДҮХСангийн өмнө хүлээдэг байсан. Өөрөөр хэлбэл, арилжааны банк нь хамтран ажиллах хугацаандаа ЖДҮХСангаас авсан зээлдэгчдийн зээлийн эрсдлийг бүрэн хариуцан ажилладаг байсан болно.

Өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн эх үүсвэрийг зорилтот зээлдэгч, харилцагчдад хүргэх  санхүүгийн зуучлалын үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж, сангийн хөрөнгийг эрсдэлгүй байлгах боломжоор ханган ажиллаж ирсэн. Арилжааны банкууд өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж, олон мянган ажлын байрыг бий болгож, улс орны эдийн засагт бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Иймд ЖДҮХСантай хамтран ажиллаж байсан арилжааны банкуудын мэргэжлийн үйл ажиллагааг буруу ташаагаар мэдээлэхгүй байхыг хүсье" гэжээ.



Холбоотой мэдээ