Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны жагсаалд "Нэхүүл" хөдөлгөөн нэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЖДҮХС-гаас зээл
авсан төрийн өндөр албан тушаалтнуудыг огцрохыг шаардан Баялаг бүтээгчдийг
дэмжих холбоо ТББ-аас энэ сарын 25-нд зохион байгуулах жагсаалд “Нэхүүл” хөдөлгөөн нэгдэхээ мэдэгдэв.
УИХ-ыг тарахыг
шаардан жагсаж байсан тус хөдөлгөөн өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд хийсэн
хэвлэлийн хурлаар дээрх мэдэгдлийг сэтгүүлчдэд өгөв.
Энэ үеэр тус
хөдөлгөөний зүгээс ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан төрийн өндөр албан
тушаалтнуудыг огцрохыг шаардан тэмцлээ эрчимжүүлэхээ хэлж байв.
“Нэхүүл” нам бус
залуучуудын холбооны зохицуулагч М.Мунаа хэлэхдээ, “Манай хөдөлгөөн энэ сарын
14-16-н хүртэл зөвшөөрлийн дагуу Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Гэтэл
биднийг улс төрийн зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн жагсаалаа
цаашид үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосонгүй. УИХ-ын гишүүдийг огцруулах, хариуцлага
тооцох шаардлагыг Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд
У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн. Шаардлагын хариуд УИХ-ын дарга М.Энхболд “Миний
мэдэх асуудал биш, би шийдэхгүй” гэж няцаасан хариу өгсөн. Тиймээс бид тэмцлээ
эрчимжүүлж Баялаг бүтээгчдийн холбоо ТББ-ын өрнүүлэх жагсаалд нэгдэнэ” гэлээ.
Баялаг бүтээгчдийг дэмжих
холбоо ТББ-аас өчигдөр
ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох, эргэн
төлүүлэхийг шаардсан жагсаал цуглаан энэ сарын 25-ны өдрийн 12.00-16.00 цагийн хооронд зохион байгуулахаа “Үндэсний
мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлаараа зарласан бөгөөд иргэний нийгмийн
байгууллага, ААН, иргэдийг нэгдэхийг уриалсан юм.