Энэ жил Орхон аймаг 280 ажилд 27.9 тэрбум төгрөг зарцуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-18 11:56:56
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Энэ жил Орхон аймаг 27.9 тэрбум төгрөгийн 280 худалдан авалтын гэрээ хийсэн  байна. Үүнээс 133  гэрээ нь  орон нутгийн төсвийн хөрөнгөөр буюу 11.2 тэрбум,  7 гэрээ нь улсын  төсвийн 10.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр хийгджээ.

Мөн Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2018 онд хамтран ажиллах гэрээний хүрээнд тус үйлдвэрийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөөр долоон ажил хийжээ. Харин ХХҮГ, БСУГ-ын захиалгаар 2.5 тэрбум төгрөгийн 17 ажил энэ онд хийгдэхээр худалдан авалтын гэрээ байгуулсан байна.

Энэ онд хийгдсэн зарим хөрөнгө оруулалтаас дурдвал, улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгөөр 928 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг барьж эхэлсэн байна.  Уг ажил  он дамжин хийгдэхээр болсон бол  Баянцагаан багт 3.4 тэрбум төгрөгөөр инженерийн шугам сүлжээ байгуулах ажлын зураг төсөв л гарчээ. Мөн аймгийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр 2,1 км авто замыг дөрвөн эгнээ болгоход 3 тэрбум төгрөг төсөвлөгдсөн ч ирэх онд хийхээр болжээ. Орхон аймагт энэ онд хийгдсэн хөрөнгө оруулалт, их засвар, худалдан авалтын дүн байдлаас харахад, нийт 280 ажлын 257-ын гүйцэтгэгчийг шалгаруулжээ. Үүнд  288 компани, аж ахуйн нэгж, иргэн, хоршоо ажилласан байна. Шалгарсан компанийн  90 хувь нь Орхон аймгийнх ажээ. 

Холбоотой мэдээ