“Алтан өндөг” кино ашиг орлогоороо тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-10-19 18:54:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Кино театруудад гарч буй монгол кинонуудын 9 дүгээр сарын сүүл,  10 дугаар сарын эхний өдрүүдийн байдлаар үзэгчдийн үзэлт болон ашиг орлогоороо тэргүүлсэн киногоор “Алтан өндөг” хэмээх адал явдалт, инээдмийн жанрын уран сайхны кино тодорчээ.


Монголын кино урлагийн салбарынхны ашиг орлогийг тодорхойлох, киночдын дунд шударга өрсөлдөөн бий болгох, үзэгчдийн тоо, судалгааг тодорхой болгох үүднээс нийслэлийн кино театруудад гарч буй монгол кинонуудын орлогын мэдээллийг олон нийтэд цаг тухай бүрт нь мэдээлж байх ажлыг “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч сүүлийн жилүүдэд тус үйл ажиллагааны хэрэгжилт зогсонги байдалд байсан юм.

 “Алтан өндөг” киноны хувьд Монголын үзэгчдийг “Солиот эх” киногоороо 2017 оны турш байлдан дагуулсан “Х Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг нар бүтээсэн бөгөөд киноны зураг авалт нь гурван жилийн хугацаанд үргэлжилж, 90 хувийг Өвөрмонголын Хөххотод, үлдсэн 10 хувийг нь эх орондоо авч, олон улсын киноны чанар стандартад нийцүүлэн бүтээжээ. Тус киноны ерөнхий продюсерээр Э.Бархүү, И.Одончимэг, ерөнхий найруулагчаар И.Одончимэг, ерөнхий зураглаач Б.Баатар,  дүрүүдэд жүжигчин Т.Бархүү, Д.Халин, Б.Баян-Ерөөлт, Г.Эрхэмбаяр, С.Лхагвасүрэн нарын жүжигчид тоглосон байна.

Аадал явдалт, инээдмийн жанрын эл кино нь нийслэлийн кино театруудад гарч буй “Онцгой даалгавар” инээдмийн уран сайхны кино, “Нинжин сэтгэл” уянгын драмын уран сайхны кино, “Хөхөөний үүр” уянгын драмын уран сайхны кино, “Bad Angel” инээдмийн уран сайхны кино нараас үзэгчдийн тоо болон ашиг орлогоороо тэргүүлжээ.

Холбоотой мэдээ