“Халхын гол” киноны зураг авалт ирэх сард эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-10-03 11:28:57

Дорнод /МОНЦАМЭ/. Оросын “Ленфильм” кино студи Халх голын дайны үүх түүхийг өгүүлсэн кино бүтээхээр болжээ. Энэхүү киноны зураг авалт ирэх сард эхэлнэ. Кино бүтээх санааг Монголын талаас гаргаж, Оросын түүхийн нийгэмлэг төслийн удирдагчаар ажиллаж, кино зураг авалтыг “Ленфильм” студи гүйцэтгэх юм байна.

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны дарга Сергей Нарышкин дээрх кино бүтээх багийнхантай уулзах үеэр “Халх голын дайны 80 жилийн ой ирэх онд тохионо. Зөвлөлт, Монголын цэрэг энэ дайнд ялалт байгуулсан нь Японы зүгээс ЗХУ-д учрах аюул заналхийллээс ангижирч чадсан” хэмээн онцолжээ.

Одоогоор кино зохиол бэлэн болоод байгаа аж. “Цагаан гварди”, “Контрибуци” зэрэг киноны зохиолыг бичсэн, туульсын киноны мастер, найруулагч Сергей Снежкин энэхүү “Халхын гол” киноны зохиолыг бичжээ. Кино нэлээд өндөр өртгөөр бүтэх бололтой. Оросын талаас мэдэгдэж байгаагаар энэхүү кино “Холливудын сайн хувилбар” болно гэж тодотгосон байна.

Дашрамд дуулгахад, Халх голын дайны ялалтын 80 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд  залуу хойч үедээ энэхүү түүхт дайны үнэ цэнийг таниулан мэдүүлэх зорилгоор  тодорхой ажлыг Дорнод аймагт өрнүүлэхээр төлөвлөж буй.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ