Дэлхийн энтрепренерүүдийн сүлжээ байгууллага дэмжлэг үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТайбэй /МОНЦАМЭ/. Дэлхийн энтрепренерүүдийн сүлжээ байгууллага (GEN)-ын “Asia Pass” үйл ажиллагаа нь Ази Номхон далайн болон Монгол зэрэг орнуудтай хоёр талын болон олон талын бизнесийн хамтын ажиллагааг явуулахад нь дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ.
Дэлхийн 170 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн энтрепренерүүдийн сүлжээ байгууллага (GEN)-ын Конгресс өнгөрсөн есдүгээр сарын 26-нд Тайбэй хотод болсон юм. Тус байгууллагын гол зорилго нь дэлхийн эдийн засгийн бүтцүүдийн үйл ажиллагааг дэмжих, бизнес эрхлэх таатай боломжийг бүрдүүлэх аргачлалыг бий болгох, тогтвортой хөгжил, дэвшлийг авчрах, дэлхийн бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын эдийн засаг санхүүгийн болон бодлогын тал дээр тулгарч буй бодлого, сорилтыг хамтдаа ярилцахад оршдог байна. Жил бүр болдог GEN-ын ээлжит хурлаар төлөөлөгчид ирээдүйн бизнес эрхлэлт, ухаалаг хот суурин, ухаалаг аж ахуй, бүс нутгуудыг холбох шинэ шаардлага зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Хурлыг зохион байгуулагч Тайванийн Залуу энтерпренерүүдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шү Хуанчин хэлэхдээ, “Цаашид манай байгууллага “Asia Pass” үйл ажиллагаанд нарийн бичгийн үүргийг гүйцэтгэнэ. Гадаадын бизнес эрхлэгчдэд виз олгох, хөрөнгө мөнгө болон хүний нөөцийн тал дээр улам таатай нөхцлийг бүрдүүлэх, тухайн улс орнуудын онцлог давуу талуудыг нээн илрүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах болно” гэдгээ мэдэгдэв. Тайвань нь мэдээллийн технологийн үйлдвэрлэлээр давуу хөгжсөн, Азийн анхны инновацийн бүсийг шинээр байгуулж, инновацийн ирээдүйн бичил “хотхоныг ” сүндэрлүүлж, албан байрны түрээс болон урамшуулал дээр тодорхой хөнгөлөлттэй бодлого явуулах юм байна. “Asia Pass” үйл ажиллагаа нь Ази Номхон далайн болон Монгол зэрэг орнуудтай хоёр талын болон олон талын бизнесийн хамтын ажиллагааг явуулахад нь дэмжлэг үзүүлэх,Тайваньд бизнес эрхлэх зэрэгт туслалцаа үзүүлэх болно гэдгээ мэдэгдэж байна.
Б.Мөнхтуул