Тайваньд газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙД
jargal@montsame.mn
2016-02-08 09:37:55

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Тайваньд газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 35 болж, 515 хүн гэмтэж бэртсэн байна. Байгалийн гамгийн уршгийн талаарх албан ёсны ийм мэдээллийг шуурхай штабаас өгчээ.

Амиа алдсан хүмүүсийн 29 нь Тайванийн баруун өмнөд хэсэгт оршдог Тайнань хотын Юнкан хотод газар хөдлөхөд нурсан 17 давхар "Вэйгуань" байшингийн оршин суугчид аж. Энд нурангийг зайлуулах болон амьд үлдсэн хүмүүсийг эрж хайх ажил үргэлжилсээр байгаа бөгөөд хэдэн зуун аврагч оролцож байна.

Одоогийн байдлаар 120 гаруй хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа бөгөөд энэ хүмүүсийг нурангин дор байгаа гэж таамаглаж байгаа аж. Ням гарагт амьд үлдсэн хэд хэдэн хүнийг нурангин дороос гаргаж чаджээ.

Газар хөдлөлтийн улмаас хэд хэдэн газарт томоохон байшингууд эвдэрч, сүйдсэн байна. Эдгээр байшинг чанар муутай материалаар, барилгын зохих норм, шаардлагыг зөрчин барьсан гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд холбогдох мөрдөн шалгалтыг явуулах аж.

Тайваньд бямба гарагт шилжих шөнө 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Байгалийн гамшгийн улмаас Тайнань хотод 10 орчим барилга сүйдсэн байна. Газар хөдлөлт мөн Гаосюн хот, Пиндун болон Зяи хошуунд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ