Хүндийг өргөлтийн холбоонд 500 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-09-15 11:49:32

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар БНСУ-ын зарим мужийн Хүндийг өргөлтийн холбоодын тэргүүн нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тус холбоодын зүгээс манай Хүндийг өргөлтийн холбоонд 500 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлах болсноо уламжлав. Тэд хэлэхдээ, “Өнгөрсөн жил бид танай оронд ирж, Хүндийг өргөлтийн холбооны үйл ажиллагаатай танилцсан. Монголчууд маш их чадвартай, амжилт үзүүлэх өндөр боломжтой боловч үнэхээр техник тоног төхөөрөмжийн хангалт муу байгаа нь харагдсан. Тиймээс бид туслахаар шийдсэн юм” гэв.

Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар, “Манай сайхан оронд хүрэлцэн ирж, Хүндийг өргөлтийн баг тамирчдыг дэмжин, тоног төхөөрөмж бэлэглэж байгаад талархаж байна. Манай Хүндийг өргөлтийн холбоо салбар яамтайгаа харилцан шүтэлцээтэй ажилладаг. Яамны зүгээс аливаа ажил, тэмцээн уралдааныг бодлогоороо дэмжин ажилладаг” гэдгээ илэрхийлсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд