Ардын зураач Б.Гомбосүрэнгийн бүтээлүүдийг толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-15 11:29:11

Ардын зураач, УГЗ Балбарын Гомбосүрэнгийн мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож байна. Түүний гэр бүл үр хүүхдүүд нь хувийн сан хөмрөгт хадгалж буй бүтээлүүдээр МУЭ-ийн дэргэдэх “Бэст” галерейд өнөөдөр үзэсгэлэнг нь нээнэ.

Үзэсгэлэнд түүний 50 орчим бүтээлийг дэлгэх юм.

Ойн хүрээнд СУИС, Дүрслэх, дизайн урлагийн дээд сургуульд энэ сарын 17-нд оюутан залууст зориулан их зураачийн амьдрал уран бүтээлийн талаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Тус хуралд урлаг судлаач Л.Батчулуун, О.Сосор, түүний анхны шавь нарын нэг зураач, багш Ц.Нармандах нар илтгэл тавих юм. Мөн түүний уран бүтээлийн номыг олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Тэрбээр усан будгийн зургийн агуу мастер байсан бөгөөд гүйлгэж урсгаж зурдаг аргаар  байгалийн сэдэвтэй суурь уран зураг олныг бүтээжээ. 1968 онд дэлхийд алдартай Дрездений галерейд сэргээн засварлах мэргэжил эзэмшсэн байна. Тэнд байхдаа Рембрандт ван Рейний “Бүрх малгайтай Саск” хөрөг зургийг хуулан, алдарт зураачийн будгийн өнгө дагнаас, тавилтыг тэр чигээр нь буулгаж чаджээ.

Галерейн захиргаа түүний зургийг ихэд таалан тэр үеийн германы мөнгөний ханшаар нэг сая доллартай тэнцэх үнээр худалдан авах хүсэлт тавьсан ч зураач үл зөвшөөрөн зургаа эх нутагтаа авч ирсэн байна. 

Мөн Делийн үндэсний музейд буй Уйгар, Турфаны үеийн Монголын эртний гайхамшигт ханын зургуудаас хуулбар хийсэн байдаг. Тэдгээр нь эдүгээ манай Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй.

Монгол хүн анх сансарт ниссэн түүхт явдал түүний уран бүтээлд чухал байр эзэлдэг бөгөөд хоёр орны  сансрын нисгэгчдийн  хөргүүдээс гадна төрөл бүрийн бэлэг дурсгал, ил захидал, урилга, тэмдгийн эх загвар зохиожээ.

Тэрээр зураач  нас хэвийх үедээ эзэн Богд Чингисийн төрсөн нутаг “Дэлүүн болдог”-ийн тухай олон цуврал зурж, алдарт “Марко Поло”-гоо бүтээсэн байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд