Көцян: Хамгийн хурдан өсөж байгаа эдийн засгуудын нэг бол БНХАУ

Дэлхийд | Эдийн Засаг
nyamtulga@montsame.mn
2016-01-19 06:54:16

БЭЭЖИН. /Prensa Latina/. Эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа хэдий ч одоогийн байдлаар дэлхийн хамгийн хурдан өсөж байгаа эдийн засгуудын нэг бол БНХАУ гэж тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян мэдэгдэв.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг удаашруулж, дотоодод хүндрэл үүсгэх сорилтууд ихээхэн гарч байгаа хэдий ч үүнийг даван гарч, өөрчлөх орон зай БНХАУ-д хангалттай байна гэж тэрбээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нээлтийн үеэр мэдэгджээ.

Хөдөлмөр эрхлэлтийн түвшин сайн, хот болон орон нутгийн өрхийн орлого тогтмол өсөж байна гэж тэрбээр мэдэгдээд, эдийн засгийн бүтэцдээ өөрчлөлт хийж байгаагаа онцлон тэмдэглэв.

Үүнтэй холбогдуулан тэрбээр, БНХАУ-ын ДНБ-ий тал хувийг үйлчилгээний салбар, эдийн засгийн өсөлтийн 60 орчим хувийг хэрэглээ бүрдүүлж байгаа болон технологи, бүтээгдэхүүн, бизнесийн хэлбэрт чухал дэвшлүүд гарсан тухай дурдсан байна.

Мөн тэрбээр, “сорилтуудыг зохицуулах арга хэмжээнээс Бээжин ашиг хүртэнэ. Бүтцийн шинэчлэл болон инновацийн дэмжлэгтэй хөгжлийн стратегийг сайжруулах гайхалтай арга хэмжээг авна” гэж мэдэгджээ.

Гэсэн хэдий ч тэрбээр, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, хөгжлийн шинэ хөдөлгүүрийг бий болгохын зэрэгцээ уламжлалт давуу талаа сайжруулж, шинэчлэхээ тодотгов.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь байгалийн баялгаас хамаарал багатай, хүний нөөцөд илүү суурилсан болохыг тэрбээр онцолжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ