Осолдож бэртсэн цэргийн алба хаагчдын бие сайжирч байна

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-31 12:13:22

Энэ сарын 23-нд нислэгийн дадлага, сургуулилт гүйцэтгэж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн цэргийн алба хаагчид осолдсон харамсалтай явдал тохиолдсон.

Ослын улмаас Зэвсэгт хүчинд 17 жилийн турш залуу, халуун насаа зориулан ажилласан манай эрэлхэг хөвгүүдийн нэг амиа алдсан. Бэртэж гэмтсэн  цэргийн алба хаагчдын хувьд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж шаардлагатай эмчилгээ хийлгэсээр байгаа. 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон яамны холбогдох удирдах албан тушаалтнууд өнөөдөр хэвтэн эмчлүүлж буй цэргийн алба хаагчдыг эргэж уулзан, эмч нараас биеийн байдлыг тодруулсан байна. Ослын улмаас гэмтсэн 10 цэргийн алба хаагч манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн цэргийн алба хаагч хагалгаанд орж, зургаан алба хаагчийн зөөлөн эдийн гэмтэл эдгэрч зарим нь эмнэлгээс өнөөдөр гарчээ. Одоогоор амь насанд эрсдэл үүссэн  албан хаагч байхгүй гэж эмнэлгийн удирдлагууд сайдад танилцуулав.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ