ХЭҮК, ХХЕГ хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭХүний эрхийн Үндэсний Комиссын 514 тоот танхимд өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нарын хамтран ажиллах санамж бичигт "Цэргийн албан хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилго"-ыг баталгаажуулжээ. Мөн цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, мониторинг явуулах, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрх, тэр дундаа алслагдсан хилийн отряд, заставын алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авахаар санал боловсруулах ажлыг хийнэ. Хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, ажилтанд хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, чадавхийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах юм байна. Санамж бичгийг хэрэгжүүлэхдээ жилд хоёр удаа албан ёсоор ажил хэргийн уулзалт, ярилцлага хийж байхаар тохиролцов. Санамж бичгийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.
Ж.Батсайхан