Монголын бүргэдтэй анчдын ертөнцөөр

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
aminaa@montsame.mn
2015-12-17 15:38:21

АТЛАНТА. /weather/. Зурагчин Вансон Лук Монгол руу аялахдаа зүгээр л амрахыг биш, Баян-Өлгий аймгийн бүргэдтэй казак анчдын өвөрмөц соёл, амьдралын хэв маягийг хальсанд буулгахыг хүсчээ.

Бүргэдтэй ан хийдэг хүмүүс казакуудаас өөр байхгүй гэж "BBC" мэдээлсэн. Дадлага хийж буй 400 орчим анчны тусламжтайгаар тэдний соёлд нэвтрэх боломж хэд хэдэн айлд буудалласан Лукт олджээ.

"Би тэдний өдөр тутмын амьдралаар амьдарсан" гэж Лук ярив. Ингэж хэд хоног явахдаа бүргэдтэй ан хийх, загасчлах, мал саах, бусад айлаар зочлох зэрэг тэдний өдөр тутмын үйлийг Лук  ажиглаж, хамт хийлцсэн байна. Тэдний амьдрал хүрээлэн буй байгаль орчинтой холбоотойг тэрбээр тэмдэглэв.

Мал сүрэгтээ үржил шимтэй бэлчээр хайн жилийн дөрвөн улиралд нүүдэллэж, моринд тулгуурласан нүүдлийн соёлоо хадгалж, гаршуулсан цармын бүргэдтэй ан хийн, Монголын баруун нутгийн казакууд байгальтай зохицон амьдарч байна. Тэд өвлийн улиралд үнэг, туулайг морь унан бүргэдээр авладаг юм.

"Тэд хүн, байгалийг дээдэлдгийг би сурсан. Тэд бүгдийг ашигладаг боловч хүрээлэн буй орчноо огт бохирдуулдаггүй" болохыг Лук онцлов.

Бүргэдээр ан хийх явцад анчин, бүргэд хоорондын харилцан хүндэтгэлийг харж болно. Монголын олонд танигдсан цорын ганц эмэгтэй анчныг Айшолпан гэдэг. Эм бүргэд эр бүргэдээс биеэр том бөгөөд илүү түрэмгий тул казакууд зөвхөн эм ангаахайг үүрнээс нь авдаг. Гэхдээ үржилд оруулж, шинэ үеийг төрүүлэхийн тулд бүргэдээ эцэст нь байгальд буцаан тавьдаг.

"Их зүйл үзсэн. Бүргэдээр ан авлагчид бусад шиг л найрсаг, соёлоо гадныханд харуулах эрмэлзэлтэй" болохыг Лук ажигласан байна.

Лук Монголд анх удаа ийнхүү аялсан бөгөөд Монголын хойд нутгийн цаатнуудын зургийг авахаар дахин ирнэ гэж найдаж байна.

"Хүмүүст урам зориг хайрлах газруудаар аялах дуртай. Соёл, хүмүүс, байгалийн зургаар дамжуулан бид оюун санаагаа нээж болно" гэж тэрбээр хэлэв. Орчин үеийн хотуудад амьдарч буй хүмүүст байгалийг илүү мэдрүүлэхийг Лук зорьж байна.

"Заримдаа, хотын хүмүүс өөрт байгаагаа нандигнаад зогсохгүй амьдралын утга учрын талаар өөрөөсөө асууж, байгаль ертөнцийн нэг хэсэг гэдгээ ойлгох хэрэгтэй" гэж тэрбээр ярилаа.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ