mishigsuren@montsame.mn
2024-03-29 18:04:17
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нээлттэй өдөрлөг болж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эх хүүхдийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд  өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нээлттэй өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дэмжиж, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлгүүдийг оролцуулж байна. Энэ үеэр даралт үзэж биеийн индекс тодорхойлон, уламжлалт үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байгаа юм. Мөн энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар санал гомдлыг иргэдээс авч байна. Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг бууруулах улмаар эх хүүхдийн эндэгдэлгүй болгох зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд "Эх хүүхдийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр олон ажлуудыг төлөвлөж байна. Үүнд эмч мэргэжилтнүүдийг ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамруулах, эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх, боловсон хүчний хангалтыг сайжруулах, ХДХВ-ийн шинжилгээнд өсвөр үе, залуусыг хамруулах, ажлын байрны сургалтыг урт хугацаагаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа ажээ. 
2503 өдөр
Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналтыг сайжруулна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд "Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах" сургалтыг аймгийн ЗДТГ, ЭМГ, БОЭТ хамтран өчигдөр зохион байгууллаа. Уг сургалтаар тус аймгийн 15 сумын эмч мэргэжилтнүүдийн төлөөллийг хамруулсан байна. Өмнөговь аймагт өнгөрсөн онд гурван эх эндсэн харамсалтай мэдээ бий.  Тиймээс эх хүүхдийн эндэгдлийг бууруулж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нэн тэргүүний шаардлага байгаа юм. Эхлээд эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, улмаар иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, түүнчлэн үр дүн гарахуйц цогц бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг удирдлагууд онцолж байна. Иймээс Өмнөговь аймгийн хэмжээнд "Эх хүүхдийн эрүүл мэнд" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарынханд цогц сургалтуудыг зохион байгуулж байгаа нь энэ ажээ.
2503 өдөр