Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нээлттэй өдөрлөг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 15:14:08

Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эх хүүхдийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлж эхлээд байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд  өнөөдөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нээлттэй өдөрлөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас санаачлан дэмжиж, БОЭТ, өрхийн эрүүл мэндийн төвүүд, хувийн эмнэлгүүдийг оролцуулж байна. Энэ үеэр даралт үзэж биеийн индекс тодорхойлон, уламжлалт үзлэг оношилгоо хийж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, гарын авлага тарааж байгаа юм. Мөн энэ үеэр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар санал гомдлыг иргэдээс авч байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийг сайжруулж, эндэгдлийг бууруулах улмаар эх хүүхдийн эндэгдэлгүй болгох зорилгоор Өмнөговь аймгийн хэмжээнд "Эх хүүхдийн эрүүл мэнд" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр олон ажлуудыг төлөвлөж байна. Үүнд эмч мэргэжилтнүүдийг ур чадвараа дээшлүүлэх сургалтанд хамруулах, эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж иргэдэд хүнд суртал чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэх, боловсон хүчний хангалтыг сайжруулах, ХДХВ-ийн шинжилгээнд өсвөр үе, залуусыг хамруулах, ажлын байрны сургалтыг урт хугацаагаар зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа ажээ. 
 Мөн нэг жилд таван суманд явуулын үзлэгийг зохион байгуулж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөхөөр дээр дэд хөтөлбөрт тусгажээ.

Д.Мишигсүрэн


 
Холбоотой мэдээ