Шалгарсан таван төслийг санхүүжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 10:03:16
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гарааны бизнесээ хөгжүүлэх талаар гурван өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 8 аймаг, 2 дүүрэгт хэрэгжүүлж байгаа ажээ.
Энэхүү төслийн багийнхан тус аймагт залуучуудад сургалт явуулж байна. Сургалтанд 15 сумын төлөөлөл 82 хүн хамрагдаж байгаа бөгөөд шалгарсан 5 төслийг санхүүжүүлэх юм байна. Сургалтанд хамирагдсан залуус өөрсдөө төсөл бичиж өрсөлдөх юм. Үүнд нэгдүгээр байрт шалгарсан төслийг хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх төслийн зүгээс 10 сая төгрөгөөр санхүүжүүлэх бол хоёрдугаар байрт шалгарсан төслийг аймгийн ЗДТГ-аас 6 сая төгрөгөөр, гуравдугаар байрт шалгарсан төслийг 4 сая төгрөгөөр санхүүжүүлэх юм байна. Цаашид залуусынхаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор 4, 5-р байрт шалгарсан төслийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар тус бүр 3 сая төгрөгөөр санхүүжүүлж залуусаа дэмжих ажээ.
Уг төслөөр ажил олгогчдыг ажлын байраа нээлттэй зарлах улмаар ХХҮГ-аар дамжуулан ажилд иргэдийг авч байхыг аймгийн удирдлагууд анхааруулж байна. Өмнөговь аймгийн ХХҮГ-т ажил идэвхтэй хайж байгаа 800 гаруй иргэн бүртгэлтэй байдаг бөгөөд ажлын байрны нээлттэй өдөрлөг, холбогдох ажил үйлчилгээгээр дамжин олон хүн ажилд орсныг онцолж байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ