mishigsuren@montsame.mn
2024-04-20 13:21:10
258 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймгийн төв номын санг шинээр 258 ширхэг номоор баяжуулжээ.  Орон нутгийн төсвөөс гурван сая төгрөгийн санхүүжилтээр 112 нэр төрлийн 167 ширхэг, улсын төсвийн зуу гаруй мянган төгрөгөөр 53 ширхэг ном худалдан авсан бол хандив бэлэгд 38 ширхэг ном ирсэн байна. Орон нутгийн хөрөнгөөр өндөр үнэтэй лавлагаа, танин мэдэхүй, хүүхдийн сонирхолтой үлгэрийн болон хүүхдүүдийн хүсэлтээр 3D ном болон хэлний номнууд, төсвийн хөрөнгөөр уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан уран зохиол, хувь хүний хөгжлийн номоор сан хөмрөгөө өргөтгөжээ. Залуучууд ихэвчлэн амжилт, хувь хүний хөгжлийн тухай, англи хэлний номнууд, амжилттай хүмүүс хэрхэн сэтгэдэг вэ, Хандлага, Соёмбо нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, монгол хэлний тайлбар толь зэргийг их уншдаг байна. Харин хүүхдүүд сургамжит өгүүллэгүүд, зурагт үлгэрийн номнууд болон 3D ном, Ухаан далай номоос эхтэй цуврал, Монголын уран зохиолын дээж 108 ботийг авч уншдаг ажээ.
2496 өдөр
"Буянт" хүүхдийн зуслангийн 60 жилийн ой энэ жил тохиож байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн зусланг байгуулаад 60 жил болжээ. 1957 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Буянт" хүүхдийн зуслан ирэх найман сард түүхт ойгоо тэмдэглэх аж.  Энэ жилийн хувьд хоёр дахь ээлжийнхээ хүүхдүүдийг авч ая тухтай амрах орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус зусланд орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэрбум гаруй төгрөгийн засвар хийж, шинэ техник тоног төхөөрөмжөөр хангасан юм. Одоо гадна талбайн тоглоомын талбайг шинэчилэхээр ажиллаж байгаа ажээ.  "Буянт" хүүхдийн зуслан энэ зун долоон ээлжинд хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн бөгөөд ээлж бүр өөр өөр сургалтын хөтөлбөртэй байгаа юм. Тухайлбал англи хэл, сагсан бөмбөг, спорт бүжиг гэх мэтээр амралтын ээлж бүрийн сургалтын хөтөлбөрийг төрөлжүүлж өгсөн нь энэ жилийн онцлог гэнэ. Мөн хүүхдүүд сургалтын хөтөлбөрийг нь сонгож амрах боломжийг олгож байгаа ажээ. 
2496 өдөр
Хүүхдүүд англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөв
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхэд залуучуудын дунд англи хэлээр илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.  “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговьчуудын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Энэтхэг улсад англи хэлний таван багшийг бүх төлбөрийг нь орон нутгаас даан сургаж байгаа юм. Харин энэ удаа Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоотой хамтран хүүхэд залуусын дунд “Миний мөрөөдөл-Монголын ирээдүй” илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээн нь улсын хэмжээнд орон нутагт  анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Илтгэлийн тэмцээнд 58 илтгэгч оролцсоноос эхний 6 байрыг шагнаж урамшуулсан байна. 
2496 өдөр
Орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр орон нутгийнхаа бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.  Өмнөговь аймгийнхаа Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжихэд төрийн бодлого хэрэгтэй байгаа билээ. Тиймээс уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны хүрээнд хүний нөөцийн бодлого, ханган нийлүүлэлт гэсэн 2 зөвлөлийг байгуулсан юм. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч, Ханган нийлүүлэлт хариуцсан зөвлөийн дарга С.Мөнхбаяр орон нутгийн бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзан санал солилцлоо. Тус аймагт харъяалалтай хэрнээ орон нутагт татвар төлдөггүй компаниуд уул уурхайд ханган нийлүүлэлт хийдэг, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс авах татвар маш өндөр буюу 15 хувь байдаг, уул уурхайн компаниуд захиалсан бараагаа авдаггүй зэрэг асуудлыг орон нутгийн бизнес эрхлэгчид хөндөж, гэрээ хэлэлцээрийн түвшинд аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж бодлогоор дэмжих хэрэгтэйг онцолсон юм.
2502 өдөр
Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцана
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уурхайнуудтай орон нутгийн сэтгүүлчид танилцах гэж байна. The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэдэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ нь орон нутгийн сэтгүүлчдийн уул уурхай, эдийн засгийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийг ЭТИС хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр гурав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм.  Төслийн гурав дахь шатны сургалт нь ийнхүү Өмнөговь аймагт уурхайтай танилцсанаар үргэлжлэх юм байна. Өмнөговь аймгаас бусад бүх аймгийн төсөлд оролцох сэтгүүлчид Улаанбаатар хотод цуглан Өмнөговь аймгийг зорих ажээ. Уг уурхайнуудтай танилцах аялал, сургалт  6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 2-нд үргэлжлэх юм байна. Сургалтын хүрээнд орон нутгийн сэтгүүлчид Монголын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Оюутолгой”-н уурхай, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаагаараа үлгэрлэдэг “Энержи ресурс” компанийн уурхай, үйлдвэрлэл, Тавантолгойн ордтой танилцана. Өмнийн говийн уурхайнуудтай танилцах аялалын дараа Даланзадгад хотод сэтгүүлчдийн сургалт болох юм. 
2502 өдөр